Энэтхэг улс экспортын хоригоо цуцалснаар дэлхийн зах зээл дээр цагаан будааны үнэ хямдрав

Энэтхэг, Пакистан улсууд цагаан будааны экспортдоо тавьсан үнийн дээд хязгаараа цуцалснаас гадна бүх сортын цагаан будаагаа дэлхийн зах зээлд нийлүүлэхээ мэдэгдсэний дараа энэ төрлийн бүтээгдэхүүний арилжааны үнэ хямдарсан байна. Дэлхийн тэргүүлэх цагаан будаа экспортлогчид болох Энэтхэг, Пакистан хоёр улс энэ жил арвин ургац хураан авсан тул нийлүүлэлтийн хоригоо цуцалсан гэж шинжээчид үзэж байна.

Өнгөрсөн Ням гарагт Энэтхэгийн Засгийн газар Басмати сортын оруулаад бүх цагаан будааны экспортдоо тавьсан хоригоо цуцалснаар өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд үнэ нь тэнгэрт хадсан цагаан будааны арилжааны өртөг буурлаа. Мөн өөр нэг томоохон цагаан будаа экспортлогч Пакистан улс бүх сортын цагаан будааны экспортын үнийн дээд хязгаарыг цуцлах шийдвэрээ танилцууллаа. Одоогоос яг нэг жилийн өмнө хоёр улс басмати сортын нэг тонн цагаан будааг 1300 ам.доллар, басмати бус цагаан будааны тонн тутмыг 550 ам.доллароор дэлхийн зах зээлд нийлүүлэх үнийн дээд хязгаар тогтоож өгсөн юм.

Тэгвэл энэ сарын нэгний өдрөөс эхлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бирж дээр нэг тонн басмати сортын цагаан будааны тонн тутмын үнэ 950 ам.долларт хүрсэн нь жилийн өмнөх үзүүлэлтээс бараг 40 орчим хувиар хямдарсан байна. Өвөрмөц амт, үнэрээрээ "Үнэрт сувд" гэгддэг басмати сортын будааг Энэтхэг, Пакистан хоёр улсад тариалдаг байна.  Цагаан будаа экспортлогчид Европын парламентын хүсэлтийн дагуу үнийн дээд хязгаар, экспортын хоригоо цуцалснаа мэдэгдсэнээс гадна дотоодын нөөц нь бүрдсэн тул ойрын хугацаанд ахин хориг тавих төлөвгүй байгаагаа уламжилсан байна 2022-2023 оны санхүүгийн жилийн хугацаанд Энэтхэг цагаан будааны экспортоос 11 тэрбум гаруй долларын орлого олсон байна. Харин экспортын хязгаарлалтын улмаас зах зээл цагаан будааны эрэлт өсөн нэмэгдэж Ази, Европ тивийн улсуудад ийм төрлийн бүтээгдэхүүний өртөг бараг 50 орчим хувиар өсөн нэмэгдсэн юм.

2023 оны 7-р сараас 2024 оны 6-р сарын хооронд Пакистан улс 6 сая тонн цагаан будаа экспортолж, 4 тэрбум долларын орлого олсон ч зах зээлд тэдний нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээ хангалтгүй байсныг шинжээчид хэлж байсан юм. Харин одоо Энэтхэг, Пакистаны үлэмж хэмжээний цагаан будаа дэлхийн зах зээлд эргэн ирж байгаа тул үнэ хямдарснаар хэрэглэгчдэд ирэх дарамт чөлөөлөгдөх төлөвтэй байна.