Манай улс анх удаа роботын мэс заслын сургалтын төвтэй боллоо. Энэ төв нээгдсэнээр эмч нар робот ашиглан мэс засал хийх боломж бүрдэж байна. Хавдар судлалын үндэсний төвд нээгдсэн уг сургалтын төвд эмч нар жилийн хугацаанд сурч, мэргэшсэнээр ирэх жилээс робот ашиглан томоохон хэмжээний мэс заслуудыг хийж эхлэх юм байна.
Дэлхий дахинд AI технологи бүх салбарт нэвтэрч эхэлсэн. Тэр дундаа анагаах ухааны салбарт AI технологи болон роботыг ашиглаж эхлээд 10 гаруй жил өнгөрсөн байна. Тэгвэл өнөөдөр манай улсад Хавдар судлалын үндэсний төвд роботын мэс заслын сургалтын төвийг нээлээ. Ингэснээр мэс заслын эмч нар робот дээр суурилсан хагалгааг хийх боломжтой болж байна.
Робот мэс засал нь хэвлийг нээхгүйгүйгээр хэвлийн хананд хамгийн бага зүсэлт хийж, өндөр нарийвчлалтай, мэс заслын хэсгийг тодорхой өсгөж харуулж, эмчийн гарын хөдөлгөөнийг роботын гарт дамжуулдаг, өндөр хяналттай аюулгүй мэс заслын арга юм байна. Мөн хагалгааны явцад эмчийн алдаанаас гарах эрсдлийг бууруулж, хагалгааны явцыг ердийн дурангийн хагалгаатай харьцуулахад илүү сайжруулдаг байна.
Энэхүү мэс заслын аргаар 50 хүртэлх төрлийн мэс ажилбарыг хийх боломжтой юм. Ийнхүү манай улсын анагаах ухааны салбар, тэр дундаа Хавдар судлалын үндэсний төв нээгдсэн роботын мэс заслын төвөөр дан ганц тус эмнэлэгийн эмч нар бус бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нар сургалтад хамрагдах боломжтой.
Эмч мэргэжилтнүүд тус сургалтын төвд 40-50 цагийн хичээлээр суралцсаны дараа бодит хагалгааг хийх эрхтэй болох юм байна. Ойролцоогоор нэг жилийн дараа бодит хагалгааг хийхээр төлөвлөжээ.