Манай улсад сүүлийн 20 орчим жил бэлчээрийн тухай бие даасан хуультай болох асуудал яригдаж байгаа ч бодит ажил хэрэг болоогүй байна. Ийнхүү бэлчээрийн зохицуулалтыг хэн хаанаас хийх нь тодорхойгүй явсаар өнөөдрийн байдлаар бэлчээрийн даац хэтэрч, талхлагдсанаар байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж цөлжилт эрчимтэй явагдаж байна. Үүнийг өнгөрсөн 50 жил болоогүй зуд, үерийн давтамж, эрсдэлээс тодорхой харж болно гэж мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм.
- Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 70.1 хувийг бэлчээр эзэлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд бэлчээр зохион байгуулалт алдагдаж эмх замбараагүй, хариуцлагагүй ашигласны уршгаар бэлчээрийн 65 хувь өөрчлөгдөж харилцан адилгүй түвшинд доройтжээ.
- Тодруулбал, нийт нутгийн 47 хувьд нь бэлчээрийн нөөцтэй, 20 хувьд нь бэлчээр хүрэлцээтэй, 21 хувьд нь даац 1-3 дахин хэтэрсэн байгаа бол 4 хувьд нь 3-5 дахин хэтэрсэн үнэлгээтэй байна. Харин 8 хувьд нь даац олон дахин хэтэрсэн гэх тооцооллыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргажээ.
- Өөрөөр хэлбэл өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй, харин 30 гаруй хувьд хэтэрч гарсан үзүүлэлттэй байна. Энэ нь нийт нутгаар бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх, малын тоо толгойг зохистой түвшинд хадгалах зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байгаа юм.
- Мөн бэлчээрийн даац хэтэрснээс үүдэн байгалийн гамшгийн давтамж нэмэгдэх, малчдын амжиргааны түвшин доройтох, цаашлаад манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул бэлчээрийн тухай хуулийг бие даасан хууль болгон батлах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Манай улсын газар нутгийн 70 гаруй хувьд бэлчээрийн даац хэтэрсэн. Энэ нь ашигт малын тоо толгой нэмэгдэхэд саад учруулж бэлчээр талхлагдах, цөлжилт үүсгэх зэрэг олон сөрөг нөлөөллийг бий болгох эрсдэлтэй. Цаашид малын тоо толгой эрчимтэй нэмэгдэх нь цаг хугацааны асуудал болсон. Иймд малчдын зүгээс бэлчээрээ хамгаалахын тулд чанартай мал маллахыг илүүд үзэж байна. Хэдийгээр энэ мэт байдлаар бэлчээр хөрсөө хамгаалж байгаа ч энэ урт хугацааны шийдэл биш юм.
Зарим аймаг сумдад бэлчээрийн даац хэтэрснээс шалтгаалан малчдын дунд үл ойлголцол гарах, отор нүүдэл хийх газаргүй болох зэрэг олон эрсдлүүд үүсжээ. Иймд уг асуудлыг бодлогоор зохицуулах шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Тодруулбал манай улсад Бэлчээрийн тухай хуулийг бие даасан томоохон хуулийн төсөл болгон батлах шаардлагатай юм байна. Өмнө нь уг асуудлыг хэд хэдэн парламентад санал оруулж байсан ч бие даасан хууль болж батлагдаж чадаагүй байна.
Мөн бэлчээрийн зохистой ашиглалт руу чиглэсэн зөв бодлого үйл ажиллагаа явуулснаар цөөн малнаас илүү орлого олох боломжтой болох юм. Тэгвэл бэлчээрийн эрх зүйн орчинг сайжруулах, малчдыг хүйтний улиралд холын нүүдэл хийхээс сэргийлэх, малын гаралтай бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байна.