Орон нутгийн сонгуулийн саналыг 10-р сарын 11-ний өдөр буюу ирэх долоо хоногийн 5 дахь өдөр Улаанбаатарын цагаар өглөөний 7-оос оройн 20 цаг хүртэл авна. Энэ өдөр улс даяар бүх нийтээрээ амрах юм. Хэрэв аж ахуйн нэгж байгууллага ажилтандаа чөлөө олгож, сонгуулийн санал өгөх боломжоор хангаагүй бол зөрчлийн тухай хуулиар торгуулах хуулийн зохицуулалттай байдаг. Энэ талаарх болон орон нутгийн сонгуулийн санал авахтай холбоотой зохицуулалтын мэдээллийг дараах сурвалжлагаар бэлтгэлээ.
УИХ, Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад орон нутгийн сонгуулийн сонгогчдын ирц бага байдаг. Энэ нь олон хүчин зүйлсээс шалтгаалдаг. Тухайлбал, иргэд сонгогчид орон нутгийн сонгуулиас гарсан төлөөлөгчийн бүрэн эрх, чиг үүрэг нь юу вэ гэдгийг мэдэхгүй байх тохиолдол түгээмэл байна. Тиймээс сонгогчдын ирцийг сайжруулах чиглэлд шат шатны байгууллага хамтран ажиллах хэрэгтэй байгаагаас гадна сонгуулийн эрхийг хангахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байгааг салбарынхан хэлсээр байна.
Нийслэлийн сонгогч бол нийслэлийн хурлын төлөөлөгчөө мөн дүүргийн хурлын төлөөлөгчийг сонгоно. Харин хөдөө орон нутгийн харьяалалтай иргэн та аймгийн хурлын төлөөлөгчөө сонгохоос гадна сумын хурлын төлөөлөгчөө мөн сонгоно гэсэн үг. Тиймээс сонгогч таны бөглөх сонгуулийн саналын хуудас хоёр хэсэгтэй байх юм. Мөн мандатын тоо харилцан адилгүй тул сонгогч саналаа тэмдэглэхээс өмнө саналын хуудасны зааварчилгаатай сайтар танилцаж, зааврын дагуу саналаа тэмдэглэх хэрэгтэй юм.
Хуульд зааснаар сонгуулийн санал авах өдөр бүх нийтийн амралтын өдөр байдаг. Тиймээс орон нутгийн сонгууль санал авах өдөр буюу 10-р сарын 11-ний өдөр бүх нийтээр амарна. Хэрэв тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, ажилчдаа сонгуулийн санал өгөх боломжоор хангахгүй бол торгууль төлөх юм. Түүнчлэн санал авах өдөр олон нийтийг хамарсан урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, зах, худалдааны төвүүд ажиллахыг хориглодог байна.