Казахстаны иргэд тус улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын байгаль орчныг бохирдуулж буй нүүрсэн цахилгаан станцаас татгалзаж, цөмийн түлшний эх үүсвэр рүү шилжих саналыг бүрэн дэмжжээ
Ням гарагт Казахстаны иргэд тус улсын анхны цөмийн цахилгаан станц барихыг дэмжих эсэх дээр бүх нийтийн санал асуулга явууллаа. Тэгвэл өнөөдөр танилцуулсан санал асуулгын урьдчилсан дүнгээр Казахстаны иргэд тус улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын байгаль орчныг бохирдуулж буй нүүрсэн цахилгаан станцаас татгалзаж, цөмийн түлшний эх үүсвэр рүү шилжих саналыг бүрэн дэмжжээ.

Түүхэн цаг хугацаанд Казахстаны иргэд уламжлалт бус, хэрэглээнд төдийлөн туршигдаагүй цөмийн цахилгаан станцаас болгоомжилж байснаас гадна Оросын эрчим хүчний компаниудтай хамтран цөмийн цахилгаан станц барих саналыг эрс эсэргүүцэж байсан юм. Гэхдээ казахстаны ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев анхны цөмийн станцын бүтээн байгуулалтын ажлыг Оросын Росатом компанитай хамтран барих төлөвлөгөөтэй байгаа ч цаашид тэрээр өөрийн улсын олборлож байгаа ураныг, станцын түлш болгон хувиргах ажлыг барууны компаниудтай хамтран хийхээр төлөвлөж буйг хэлжээ. Ням гарагт Казахстан улсад болсон бүх нийтийн санал асуулгын ирц 70 гаруй хувьтай байсан бөгөөд нийт саналын хуудасны 30 гаруй хувийг тоолоход, тэдний 70 орчим хувь нь анхны цөмийн цахилгаан станцаа барьж байгуулах саналд дэмжлэг үзүүлжээ.

Казахстаны Засгийн газрын шийдвэрээр цөмийн цахилгаан станцыг тус улсын Зүүн Өмнөд хэсэгт орших Балхаш нуурын эрэг дээр барьж босгох төлөвлөгөөтэй байгаа төдийгүй бүс нутгийн Улкен тосгоны иргэд төслийн хүрээнд ажлын байртай болно гэж найдаж байгаа хэллээ. Гэхдээ тэд нуурын усны чанар, бүтцэд нөлөөлөх эрсдэлд санаа зовниж байгаагаа илэрхийлж, Өрнөдийн хэвлэлд ярилцлага өгөөд амжжээ.

Казахстаны эрчим хүчний хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа ч ЗХУ-ын үеийн дэд бүтэц нь дотоодын хэрэгцээг нь хангадгүй тул ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортолдог. Мөн Казахстан улс нүүрсэн цахилгаан станцыг ашигладаг тул байгаль орчин, агаарын бохирдлын түвшин түгшүүр төрүүлж байгаа аж.

Тус улсын Засгийн газар нар, салхины эрчим хүч зэрэг сэргээгдэх эх үүсвэрийг бий болгохын хажуугаар эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болохын тулд цөмийн цахилгаан станцтай болох гэж байна. Түүнчлэн Казахстан нь дэлхийн хамгийн том уран үйлдвэрлэгчдийн нэг учраас цөмийн эрчим хүч нь логик сонголт гэж шинжээчид дүгнэжээ. Ням гарагт болсон санал хураалтын өмнө ерөнхийлөгч Токаев “Дэлхийн хөгжил дэвшлийн ард хоцорч үлдэхгүйн тулд бид өрсөлдөх давуу талаа ашиглах ёстой” хэмээн хэлсэн байна.