Орон нутгийн сонгуулиас шалтгаалан УИХ-ын үйл ажиллагаа доголдоход хүрч байна хэмээн зарим гишүүдийн зүгээс үзэж байна
УИХ-ын намрын Чуулган эхэлснээс хойш төрийн ордонд товлосон хуралдаанууд тодорхойгүй шалтгаанаар хойшлогдож эсвэл цуцлагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт Чуулганы ирц хангалтгүй байсан тул УИХ-ын Даргын зүгээс гишүүдэд сануулга хүргэсэн. Тэгвэл энэ бүхэн орон нутгийн сонгуультай холбоотой гэж УИХ-ын зарим гишүүд хэлж байна.

Өнгөрөгч долоо хоногт намрын Чуулган албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэсэн хэдий ч чуулганы хуралдаан дөнгөж 50 хувийн ирцтэй үргэлжилж байсан юм. Гишүүдийн ирц хангалтгүй байгаа нь орон нутгийн сонгуультай холбоотой гэж УИХ-ын дарга тайлбарлалаа. Тодруулбал өнгөрөгч Пүрэв гаригийн Чуулганы хуралдаанд 20 орчим гишүүн сонгуультай холбоотойгоор хөдөө орон нутагт ажиллах болсноо бичгээр уламжилжээ.

УИХ-ын чуулганаар ирэх оны төсөв төлөвлөгөөтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж байгаа. Гэвч гишүүдийн ирц хангалтгүй байгаа тул Монгол Ардын Намын бүлгээс тав хоногийн завсарлага авсан. Тэгвэл өнөөдөр уих дахь МАН болон АН-ын бүлгийн хуралдаан болох товтой байсан ч гишүүд эзгүй байлаа.  Иймд зарим гишүүдийн зүгээс ч хууль тогтоох, хууль санаачлах үйл ажиллагаа доголдож байгааг шүүмжилж байсан юм. Иймд орон нутгийн сонгууль болох цаг хугацааг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.

Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн үеэр ч мөн адил төрийн ордон эзгүйрч зарим хуралдаанууд хойшилж байсан дүр зураг цөөнгүй ажиглагдаж байсан. Харин УИХ-ын даргын зүгээс цаашид хуралдаа ирээгүй, тасалсан гишүүдийн нэрийг олон нийтэд болон тойргийнх нь иргэдэд тогтмол мэдээлэл болгон илгээх үүргийг гаргасан юм. Үүнийгээ дагаад ч иргэд шаардлага тавих эрхтэй юм.