Английн “Фүлхэм” клубийн дасгалжуулагчид Монголын 160 хүүхдэд бэлтгэл орж байна
Ирэх жил манай улсын нийт 11 хүүхэд Английн Фүлхэм клубийн бэлтгэлд хамрагдах боломж бүрдлээ. Английн алдарт Премьер Лигийн Фүлхэм клуб нь өнгөрсөн 6-р сард манай Үндэсний “Go Mongolia” брэнд-тэй хамтран ажиллахаар болсон юм. Ингэснээр тус клубийн дасгалжуулагч нар манай улсад хүрэлцэн ирж, 160 хүүхдэд хөл бөмбөгийн сургалт явуулж эхэлжээ. Тэдгээр хүүхдүүдээс ур чадвараар шалгарсан 11 хүүхдийг 2025 онд Англи улс руу явуулж, Фүлхэм клубийн бэлтгэлд хамруулах юм байна.

Монгол улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж эхний жилд "Welcome To Mongolia" хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч 2023 оны эцсийн байдлаар манай улсад 650 мянган жуулчин зочилж, 1,3 тэрбум ам.доллар үлдээсэн. Харин энэ онд тус хөтөлбөрийн үндсэн агуулга нь "Go Mongolia" брэндинг болж, дэлхийд сурталчилах үүргийг хүлээн авснаар өнгөрсөн 6-р сард дэлхийн 3,2 тэрбум үзэгчтэй Английн Премьер Лигийн 145 жилийн түүхтэй "Фүлхэм" баг Монгол улсыг сурталчилахад хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурсан юм. "Фүлхэм" клубтэй эхлүүлсэн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ССАЖЗЯ, Монголын Хөлбөмбөгийн холбоотой хамтран хөлбөмбөгийн 30 клубээс 6-16 насны 160 хүүхдийг бүртгэн, энэ сарын 7-оос эхлэн гурав хоногийн сургалт зохион байгуулахаар болжээ. Сургалтыг “Фүлхэм”-ийн өсвөрийн академийн дасгалжуулагч Мэттью Бриггс удирдан явуулах бөгөөд бүх оролцогчдод сертификат гардуулах юм байна.

Сургалтад хамрагдсан 160 хүүхдээс ур чадварын түвшинд хамгийн сайн бэлтгэгдсэн 11 хүүхдийг сонгож, 2025 онд Английн "Фүлхэм" хөлбөмбөгний клубийн бэлтгэлд хамруулах юм байна. Энэ нь Монгол улс ирээдүйд багийн спорт тэр дундаа хөлбөмбөгт амжилт гаргах боломжийг бий болгохоос гадна хөлбөмбөг сонирхогч хүүхэд залуусын мэргэжлийн түвшинд бэлтгэх томоохон түлхэц болж байна.

Ийнхүү Монгол залуус мэргэжлийн спортын лигийн тамирчин болоход нэг алхам ойртож байна. Английн алдарт Премьер Лигийн "Фүлхэм" клуб манай үндэсний “Go Mongolia” брэнд-тэй хамтран ажиллахаар болсноос хойш Лондон хотод байрладаг 24 мянган хүний суудалтай хөлбөмбөгийн стадионд “Go Mongolia” брэндийг таниулах лого байршиж эхэлсэн бөгөөд 2024-2025 оны Премьер Лигийн улиралд албан ёсны бэлтгэлийн хувцас, хэрэгсэл, цахим хуудсаараа дамжуулж дэлхийн хөлбөмбөг сонирхогчдод сурталчилж байна.