Ипотекийн зээл хөтөлбөр 2013 оноос хойш хэрэгжиж эхэлснээр өнөөдрийн байдлаар 130 орчим мянган өрхөд уг зээлийг олгожээ. Гэвч зээл авсан иргэд дахин зээлд хамрагдах тохиолдол цөөнгүй ажиглагдаж байгаа тул ирэх онд ипотекийн зээлийг зөвхөн анх удаа уг зээлийг авах иргэдэд өгөх бодлого барих юм байна.
-
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монголбанк, Засгийн газар, арилжааны банкуудын эх үүсвэрээр нийт 8.6 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 127 мянган зээлдэгчид олгосон байна
-
Манай улс ипотекийн зээлд хамгийн ихдээ жилд 700 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж байсан бол энэ онд хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэнээр энэ оны ипотекийн зээлийн эх үүсвэр нийтдээ 1.2 их наяд төгрөг болоод байгаа юм. Энэ он дуустал 200 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр гарах хүлээлттэй байна.
-
Тэгвэл Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт зааснаар ирэх жилүүдэд 3 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж, гэр хорооллын айл өрхүүдэд амины орон сууцын 30 сая хүртэлх төгрөгийн зээл олгох юм байна.
-
Ирэх жил ипотекийн санхүүжилтэд мөн 1.2 их наяд төгрөг төсөвлөхөөр тусгаж байгаа бөгөөд анх удаа орон сууц авч байгаа иргэдийг түлхүү дэмжих бодлого явуулах юм байна.
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орон сууцжуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн. Үүнд гэр хорооллын айл өрхүүд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьсан тохиолдолд 30 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх ипотекийн зээлийн хүүг хөдөө орон нутагт бууруулах зээл олголтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүд тусгагдсан. Харин ирэх онд ипотекийн зээлийн санхүүжилтэд мөн адил 1.2 их наяд төгрөгийн санхүүжилт тусгахаар төлөвлөж байгаа юм. Ингэхдээ зөвхөн анх удаа зээл авах иргэдэд чиглэсэн бодлого явуулахаар шийдвэрлэх юм байна.
Тэгвэл УИХ-ын гишүүдийн зүгээс дан ганц ипотекийн зээлийг орон сууцын зориулалттай олгохоос илүү хөдөө орон нутаг болоод гэр хорооллын айл өрхүүдийг дэд бүтцэд холбох нь чухал гэх асуудлыг хөндөж байгаа юм.
Цаашид нийслэл хотод орон сууцжуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлага байгааг тэргүүн шадар сайд онцоллоо. Учир нь агаарын бохирдлыг бууруулахад жилд 3-4 их наяд төгрөг зарцуулдаг нь улсын эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг байна.