Өнөөдөр хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний дэлхийн өдөр тохиож байна
Өнөөдөр хөнгөвчлөх тусламж үйлчилгээний дэлхийн өдөр тохиож байна. Манай улсад хөнгөвчлөх тусламж үйлчилгээг 2000 оноос хойш үзүүлж эхэлсэн. Уг эмчилгээ нь эмчлэгдэх боломжгүй өвчтний өвдөлт, зовиур шаналгааг нь хөнгөвчлөх, сувилах, асаргаа үйлчилгээний цогц эмчилгээ юм. Тиймээс Хавдар Судлалын Үндэсний төвөөс энэ өдрийг тохиолдуулан өрхийн эмнэлгийн эмч ажилчдад сургалт явуулж, туршлага солилцжээ.

Манай улсад Хавдар Судлалын Үндэсний Төв болон аймаг сум дүүргийн эрүүл мэндийн төвүүд хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байна. Хөнгөвчлөх тусламж үйлчилгээг зөвхөн хавдартай иргэдэд бус бусад өвчлөлөөр өвчилсөн иргэдэд ч үзүүлдэг юм байна. Мөн хавдартай өвчтөний 80 орчим хувь нь хожуу шатандаа илэрдэг тул идааршуулах бус хөнгөвчлөх эмчилгээ үйлчилгээ хэрэгтэй байдаг байна. Хүнд өвчтөний бие, сэтгэлийг тайвшруулах тэдний ойр дотны хүмүүс болон нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хөнгөвчлөх эмчилгээ чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Хавдарын тусламж үйлчилгээ зөвхөн Хавдар Судлалын Үндэсний төв дээр байх ёсгүй гэдгийг мэргэжилтэн хэлж байна. Тиймээс өрх, сум дүүргийн шаталсан эмнэлгүүдийн эмч нарын дунд хөнгөвчлөх үйлчилгээ, эмчилгээг заах сургалтыг зохион байгуулжээ. Анхан шатны хөнгөвчлөх тусламж, эмчилгээг үзүүлэх ёстой өрхийн эмнэлгүүдийн эмч нар тэр бүр шаардлагатай эмчилгээг мэдэхгүй байх тохиолдол гардаг байна.

Анхан шатны хөнгөвчлөх тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор 3 үе шаттай уралдааныг нийслэлийн 150 орчим өрхийн эмнэлгийн эмч нарын дунд зохион байгуулжээ. Ингэснээр иргэдтэй хамгийн ойр байдаг өрхийн эмнэлгийн эмч ажилчид зөв цогц тусламж үйлчилгээг үзүүлж дараа дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагад хүргэх юм байна. 

Хөнгөвчлөх эмчилгээг авч буй өвчтөний биеийн байдлаас шалтгаалан эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, гэрээр тусламж үйлчилгээ авах болон амбулаториор зөвлөгөө авах, өдрөөр эмчилгээ хийлгэх төлбөрийг 100 хувь хөнгөлдөг байна. Мөн тодорхой хэд хэдэн өвчин намдаах эмийг үнэгүй олгодог байна. Харин өрхийн эмчээс өвдөлт намдаахаас бусад төрлийн эмийн үнийг 50 хувийн хөнгөлөлттэй олгодог байна.