3.5 сая хүн амтай улсын хэмжээнд хорт хавдрын өвчлөлтэй иргэдийг эмчлэх ганцхан эмнэлэг байдаг нь хүрэлцээ хангалтгүйн улмаас ачаалал, дарааллаа хэдийнээ дийлэхээ больжээ. Хавдрын шинэ эмнэлэг баригдах тухай 4 жилийн өмнөөс эхлэн яригдсан ч зураг төсөл нь ч гараагүй байдалтай байна. Ирэх онд томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх талаар төсөвт тусгагдсан хэдий ч хавдрын эмнэлгийн бүтээн байгуулалтад хичнээн төгрөгийн төсөв зарцуулах эсэх нь мөн тодорхойгүй байна.
Одоогоос 42 жилийн өмнө буюу 1982 онд ЗХУ-ын тусламжтайгаар барьж ашиглалтад оруулсан улсдаа ганцхан байдаг Хавдар Судлалын Үндэсний төвийн дотоод орчин нөхцөл муудаж, сан техникийн шугам хоолой нь элэгдсэнээр цэвэр бохирын асуудал нь ч хүндэрчээ. Одоог хүртэл хавдрын шинэ эмнэлгийн бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаа нь төрийн оролцоотой ажил төвөгтэй байдлаар явагддагын нэг илрэл гэж Хавдар Судлалын Үндэсний төвийн захирал шүүмжилж байна.
Энэ онд хавдрын эмнэлгийн бүтээн байгуулалтын ажилд 10 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар тухайн төсвөөр хашаа барих, цахилгаан эрчим хүч шийдвэрлэх зэрэг ажлуудыг хийжээ. Учир нь өмнө нь барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн газарт хөрсний усны ундрага таарсан тул байршлыг нь өөрчлөн Арцадын аманд ийнхүү эмнэлгийг барихаар болсон байна. Мөн тус хугацаанд барилгын зураг төсвийг гаргахаар тендер зарласан ч нэг ч компани төсөл ирүүлээгүй байна. Иймд ирэх онд хавдрын эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд хичнээн төгрөгийн төсөв зарцуулах эсэх нь тодорхойгүй байна.
Урьдчилсан тооцооллоор хавдрын эмнэлгийг шинээр барьж ашиглалтад оруулахад 90 гаруй сая америк доллар буюу 400 гаруй тэрбум төгрөгийн төсөв шаардагдана гэдгийг Эрүүл Мэндийн сайд асан Чинзориг мэдэгдэж байсан юм.