Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 4-р сарын 1-ээс эхлэн 20 хувь буюу 792.000 төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 660.000 төгрөг байгаа юм.
Мөн 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх талаар санал гаргасан байна. Цаашдаа бүтээмж дагаж цалин нэмэгддэг байх тогтолцоо руу шилжих бодлогыг баримтлах талаар Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд мэдээлж байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2023 онд 550.000 төгрөг, 2024 онд 660.000 төгрөг болж нэмэгдсэн бол харин ирэх 2025 онд 729.000 төгрөг болохоор байгаа юм. Тэгвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жил бүр ийнхүү нэмэгдүүлж байгаа нь иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх эерэг талтай ч эргээд аан, байгууллагад дарамт үүсгэх эрсдийг дагуулж байгаа юм. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр нь хөдөө орон нутгийн ЖДҮ эрхлэгч нарт нөлөөлөл ихээр үзүүлэх буюу санхүүд нь дарамт учрах эрсдэлтэй юм.
Ийнхүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь тухайн ААН байгууллага ажилчдынхаа цалин, НДШ зэргийг нэмэгдүүлэх шаардлагыг үүсгэж байгаа тул өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалд ААН байгууллагуудад санхүүгийн дарамтыг дагуулахаар байгаа юм. Тиймээс хөдөлмөрийн хөсний доод хэмжээг ойр ойрхон их хувиар бус алгуурхан нэмж, бусад хүчин зүйлсийг тооцоолох хэрэгтэйг эдийн засагчид зөвлөж байна.