Чанаргүй шугам хоолойноос шалтгаалж Яармаг орчмын айл өрхүүд зэвтэй ус хэрэглэж эрүүл мэнд, эдийн засгийн хохирол амсаж багагүй хугацаа өнгөрлөө. Зэвтэй уснаас үүдэн тус хэсэгт оршин сууж буй иргэдийн хувцас хэрэглэл нь өнгө орохгүй шарлах, хумс, үсэнд хүртэл өөрчлөлт үүсэж, бага насны хүүхдүүдэд тууралт өгөх асуудал үүссээр байгаа юм. Мөн тэд ус, дулааны мөнгөө төлөхөөс гадна өдөр тутамдаа худгаас ус зөөж, баллонтой ус худалдан авч байгаа учир өрхийн эдийн засагт нь ч дарамт болж байна.
Тэгвэл Яармаг орчмын хотхон хорооллын усанд зэв үүсгэж байгаа чанаргүй 4.8 км урттай гол шугам хоолойг солих ажлыг өнгөрсөн 6-р сард УСУГ-аас эхлүүлсэн. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд тус ажлын материал худалдан авах ажиллагаа удаашраад байсан юм. Тиймээс тус ажлыг эрчимжүүлж, ирэх 11-р сард чанаргүй шугам хоолойг бүрэн сольж дууусган, ашиглалтад оруулна гэдгээ холбогдох албаныхан мэдээллээ.
Яармаг орчмын хотхон хорооллын усанд зэв үүсгэж байгаа стандартын шаардлага хангаагүй усны шугамыг солих ажилд нийслэлийн төсвөөс 6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн юм. Хэрэв энэ гол шугам хоолойг сольсон ч ус нь зэвтэй, үнэртэй, тостой гарч байвал орон сууц барьсан компанидаа шаардлага тавьж өөрийн байр луу татсан шугамыг солиулах хэрэгтэй юм. Цаашлаад зөвхөн Яармаг орчмын байр гэлтгүй нийслэлийн олон байршилд чанаргүй шугам хоолой тавьсанаас үүдэж усны асуудал үүсэж байна. Тиймээс тухайн барилгыг хүлээн авч байгаа эрх бүхий албан тушаалтнууд хариуцлагатай байх хэрэгтэй байгаагаас гадна чанаргүй шугам хоолой тавьж байгаа барилгын компаниуд ч иргэдийг хохироохгүй байх хэрэгтэй гэдгийг оршин суугчдын зүгээс хэлж байна.