Тус хуулийн төсөлд 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан гэр бүлийн хоёр хүний нэг нь өөд болоход нөгөө хүнийхээ тэтгэврийн 20 хувийг өөрийн тэтгэвэр дээрээ нэмж зохицуулалт тусгагдсан. Жишээлбэл иргэн 660 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байхдаа нас барвал 20 хувь буюу 120 мянган төгрөгийг гэр бүлийн хүн нь өөрийн тэтгэвэрийн нэмэгдэл авах юм байна. Мөн ингэхдээ хэд хэдэн шаардлагуудыг хангасан байх заалттай.
Энэ оноос эхлэн эрэгтэй хүн 60 насандаа эмэгтэй хүн 55 насандаа тэтгэвэр тогтоолгохоор болсон. Гэвч манай улсын дундаж наслалт дэлхийн дунджаас бага буюу 70 нас байдаг нь эргээд хөдөлмөр эрхэлснийхээ үр шимийг хангалттай хүртэж чадахгүй байгааг ахмадуудын зүгээс хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 21 жил 9 сар нийгмийн даатгалын шимтгэл төлж байж тэтгэвэр тогтоолгох эрхтэй болж байгаа ч үүнтэй дүйцэхүйц хугацаанд тэтгэвэрээ авч чаддаггүй байна. Мөн инфляц, үнийн өсөлт ихтэй энэ үед угаас бага тэтгэвэрийн 20 хувийг өвлүүлэх нь ямар ч чанарын ялгаагүй гэж ахмадууд үзэж байна.
Ийнхүү дээрх заалтаас гадна иргэн Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бол дараах байдлаар тэтгэвэр өвлөгдөхөөр нийгмийн даатгалын багц хуульд заасан юм. Эцэг эх буюу тэжээгч нь нас барсан тохиолдолд асрамжинд нь байсан 18 нас хүртэлх хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр хэлбэрээр, мөн тэтгэврийн нөөц санд хуримтлагдах хөрөнгийг тухайн хүн өөрөө ашиглаагүй тохиолдолд өвлөгдөхөөр тус тус заажээ.