Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 14-16 хувь нь бие даан санал авах байранд очих боломжгүй байдаг
Монгол улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд гадаад орчин нөхцөлөөс шалтгаалан энэ эрхээ эдэлж чадахгүй байна. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган иргэн байдгийн 82 мянга нь сонгуулийн насныхан байна. Тэгвэл тэдгээрийн 18 мянга гаруй нь бие дааж санал авах байранд очих боломжгүй байдаг гэсэн судалгаа байна. Тиймээс холбогдох байгууллагууд эдгээр иргэдийн санал өгөх боломж нөхцөлд анхаарах зайлшгүй шаардлагатай байна.

Манай улсын иргэд тулгарч буй асуудлуудаа иргэдийг төлөөлж байгаа ИТХ-ын гишүүдээр дамжуулан шийдүүлдэг тул ИТХ-ын сонгууль нь иргэдэд хамгийн ойр, хамгийн хариуцлагатай чухал сонгууль гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Тиймээс орон нутгийн сонгуульд иргэдийг идэвхтэй хамрагдахыг мөн уриалж байна. Түүнчлэн Тэргэнцэртэй иргэдийн холбоо, СЕХ болон бусад байгууллагууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгууль яагаад чухал талаарх сургалтыг зохион байгуулж мэдээлэл өглөө.

Манай улсад 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн дийлэнх нь буюу 82 мянга нь сонгуулийн насныхан. Өмнө жилүүдэд сонгуулиар сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэдээ, мэдээлэл хангалтгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүнтэй харилцах арга зүйг эзэмшээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Мөн тэргэнцэртэй иргэд сонгуульд санал өгөхөд орц, гарц саадтай, хүртээмжгүй, санал авах байр В1 давхар болон 2 давхарт, зориулалтын шат байхгүй гэсэн зөрчлүүд илэрч байжээ.

Тэгвэл СЕХ-оос энэ удаагийн ИТХ-ын ээлжит сонгуулиар санал авах байрууд эдгээр иргэдэд хүртээмжтэй, санал өгөх орчин, нөхцөлөөр хангах зэрэг зөвлөмжүүдийг хүргүүлжээ.

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай ижил хэмжээнд чухалчлан үзэж, саналаа идэвхтэй өгөхийг холбогдох байгууллагуудаас уриалж байна. Энэ удаагийн орон сонгуулийг томсгосон тойргоор явуулах юм байна.