Даваа гарагт Афганистаны засгийн эрхийг барьж буй “Талибан”-ы дэглэм хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр аливаа амьд биетийн зургийг нийтлэх, харуулахыг хориглосон хууль хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Мөн зөвхөн Афганистан улсад дагаж мөрдөх шашны үзэл баримтлалыг тусгасан хуулийг шат дараатайгаар хэрэгжүүлэхээ дурджээ.
Талибан хөдөлгөөн 2021 онд Афганистаны Засгийн эрхэнд гарснаасаа хойш нийтийн дагаж мөрдөх хууль тогтоомжийг шашны хатуу үзэл баримтлалтай уялдуулна гэдгээ мэдэгдсэн юм. Тус дэглэмийн Соёлын асуудал эрхэлсэн сайдын хэлснээр амьд биетийн дүрслэл нь Исламын хууль тогтоомжид харшилж байгааг хүмүүст ойлгуулах ажлыг давхар явуулах юм байна. Мөн “Хуулийг хэрэгжүүлэхэд албадлага”-ын арга барил ашиглахгүй болохыг уламжилжээ. Хууль тогтоомж нь ерөнхийдөө зөвлөгөө мэт ойлгогдох ёстой бөгөөд хүмүүст итгэл үнэмшил төрүүлэх нь нэн тэргүүний зорилт гэж Талибанчууд тайлбарлаж байна. Шинэ хуульд бүх амьд биетийн зургийг нийтлэхийг хориглох, Исламын шашныг гутаан доромжлохгүй байх, Исламын хуультай зөрчилдөхгүй байх зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулсан хэд хэдэн дүрмийг нарийвчлан тусгажээ. Мөн утас болон бусад төхөөрөмж дээр амьд биетийн зургийг авахгүй, үзэхгүй байхыг олон нийтэд зөвлөсөн гэж байгаа ч бодит байдал дээр хатуу хяналт тавина гэж шинжээчид үзэж байна. Ирэх 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн хуулийн хэрэгжилтэд хатуу хяналт тавьж эхлэх төлөвтэй байна.