“Опек” газрын тосны эрэлтийн төсөөллөө буруулсны дараа нефтийн үнэ хоёр хувиар буурчээ

Опек буюу газрын тос экспортлогч орнуудын байгууллага 2025 оны дэлхийн газрын тосны эрэлтийн төсөөллөө бууруулснаас гадна Хятад улсын газрын тосны импорт тав дахь сардаа дараалан буурсан тухай албаны тоо баримт ил болжээ. Үүнтэй холбогдуулан дэлхийн зах зээл дээр газрын тосны фьючерс хэлцлийн үнэ хоёр хувиар буурчээ.

Хятад улсын эдийн засгийн өсөлт саарч, газрын тосны импортын хэмжээ нь багассантай зэрэгцэн Израилын арми Ираны газрын тосны дэд бүтцэд пуужингийн цохилт өгч болзошгүй байгаа зэрэг нь эрчим хүчний бүтээгдэхүүний өртгийг бууруулахад хүргэжээ. Дэлхийн геополитик, эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалтай холбогдуулан “Опек” буюу газрын тос экспортлогч орнуудын байгууллага олборлолтоо танаснаар хөрөнгө оруулагчид газрын тос руу мөнгөө оруулахаас татгалзаж эхэлснээр нефтийн үнэ хямдарчээ. Тэгвэл Хятадын түүхий нефтийн импорт энэ оны эхний есөн сарын байдлаар өнгөрсөн оныхоос бараг гурван хувиар буурч, өдөрт 10.99 сая баррель болжээ.

Даваа гарагт ОУ-ын жишиг “Брент маркийн” газрын тосны фьючерс хэлцлийн үнэ өмнөх өдрийн үзүүлэлтээс 1.58 ам.доллар буюу 2 хувиар буурч, нэг торх нь 77.4 ам.долларт, хүрчээ.  Өнгөрсөн долоо хоногт брент 99 центээр өсөөд байсан ч газрын тосны салбарт тодорхойгүй байдал ноёлсоор байна.

Нөгөөтээгүүр дэлхий даяар цахилгаан автомашин тренд болж, борлуулалт, эрэлт нь өсөн нэмэгдэж буй нь газрын тосны үнийн уналтад нөлөөлөх хүчин зүйлсийн нэг шинжээчид үзэж байна. Тэгвэл Даваа гаргийн арилжаагаар америк долларын ханш өсөж сүүлийн хоёр сарын дээд цэгтээ хүрчээ.  АНУ-ын мөнгөн тэмдэгтийн ханш чангарах нь бусад валютыг ашигладаг худалдан авагчдын ам.доллароор илэрхийлэгдэх газрын тосны эрэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.