Энэ үеэр Доналд Трамп Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисыг шүүмжилж, түүнийг бага залуу насандаа түргэн хоолны ресторанд кассчин болон төмс шарж байсан тухай түүх нь худал гэж буруутгажээ. Хариуд нь Камала Харрис “Доналд Трампын гарцгүй болох үедээ хийж чаддаг зүйл нь худал хэлэх” хэмээн мэдэгдэж, мөнгө үрэхийн тулд төрсөн нэгэн, жирийн ард түмний мөнгө олох ойлголт байхгүй гэж хэлжээ.
Хоёр нэр дэвшигч АНУ-ын сонгууль бүрээр хоёр гол намыг ээлжилж сонгодог, хамгийн өрсөөлдөөнтэй мужуудад сонгогчдын саналыг авахын төлөө тэмцэж байгаа юм. Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис Жоржиа муж улсад сонгуулийн компанит ажлаа явуулж, сүм хийдээр зочилж, сүсэгтнүүдтэй уулзжээ. Харин Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Доналд Трамп Пенсильвани мужид Мкдоналдсын сүлжээ ресторанд ажиллажээ. Доналд Трамп Пенсильвани мужийн сонгогчдод хандаж төмс шарах нь түүний насан туршдаа мөрөөдөж байсан ажил нь бөгөөд татвар төлөгчдийн хөлс хөдөлмөрөөр өнөөгийн нэгдсэн улс өндийн боссоныг хэлжээ.
Мөн өнгөрсөн Ням гарагт сүмийн сургаалаар хүмүүжиж, сүмийн найрал дуунд дуулдаг байсан Камала Харрис 60 насныхаа төрсөн өдрөө Атланта хотын нэгэн цэцэрлэгт тэмдэглэжээ. Тэгвэл Доналд Трамп төрсөн өдрийн мэнд хүргэе Камала Харрис, хэмээгээд түүнд баглаа цэцэг эсвэл жоохон шарсан төмс илгээж болох юм хэмээн хошигножээ. Нөгөөтэйгүүр Доналд Трамп Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисыг түргэн хоолны ресторанд ажиллаж байгаагүй гэж буруутгасан ч баримт нотолгоог дэлгээгүй тул түүний мэдэгдлийг үндэслэлгүй гэж шинжээчид үзжээ.