АНУ-ын Тагнуулын төв газар 10-р сарын 15-16-ны хооронд хиймэл дагуулаас авсан зураг дээр үндэслэн Израилын агаарын болон тэнгисийн цэргийн хүчний байлдааны ажиллагааны төлөвлөгөөг урьдчилан таамагласан тухай баримт бичиг Телеграм цахим сүлжээний хэрэгслээр тарсан байна.
10-р сарын 1-ны өдөр Ираны хувьсгалт гвард Израилын газар нутагт 200 гаруй баллистик пуужингаар халдан довтолсон бөгөөд энэ цаг үед Израилын Засгийн газар Ираны пуужингийн цохилтод хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм.
Мөн өнгөрсөн долоо хоногт Израилын армийн Газын зурваст явуулсан байлдааны ажиллагааны үеэр Хамас зэвсэгт байгууллагын дээд удирдагч Яхья Синвар алагдсаны дараа Ойрх Дорнод, Арабын ертөнц дэх хурцадмал байдал улам даамжрах эрсдэл бий болоод байна.
Ану-ын Төлөөлөгчдийн танхимын дарга, Бүгд Найрамдах намын тэргүүлэх хууль тогтоогч Майк Жонсон нууцын зэрэглэлтэй баримтууд ил болсон талаар асуухад мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа төдийгүй нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж буйг сэтгүүлчдэд хэлжээ.
"Нью-Йорк Таймс"-ийн мэдээлснээр АНУ-ын Төрийн өндөр дээд албан тушаалтнууд олон нийтэд ил болсон баримт бичгүүд нь үнэн бодид гэдгийг хэдийн хүлээн зөвшөөрчээ. Мөн эдгээр ил болсон баримууд нь АНУ-ын ойрын холбоотны төлөвлөгөөний талаарх мэдээллийн зөвхөн нэг хэсгийг л илэрхийлж байгаа гэж шинжээчид таамаглаж байна. Тэгвэл олон нийтэд ил болсон баримт бичигт Израилын арми, тэр дундаа агаарын хүчний анги нэгтгэл Иранд цохилт өгөх бэлтгэлээ үргэлжлүүлж байна. Түүнчлэн израилчууд агаар-газар ангиллын баллистик пуужингаар цохилт өгөх гэж магадгүй байна. Хоёр дахь баримт бичигт өгүүлснээр баллистик пуужингаар довтлохын зэрэгцээ өндөр нарийвчлалтайгаар байндаа тусдаг дроноор давхар агаарын цохилт өгөхөөр технологийн бэлтгэл ажлаа хангаж буй талаар дурджээ.