Монгол улсын Засгийн газраас 2017 онд гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталсан. Үүнээс хойш 7 дахь жилдээ шөнийн тарифын хөнгөлөлтийн журмыг хэрэгжүүлж байна. Энэхүү шийдвэрээс айл өрхүүд цахилгаанаар халаалтаа шийдвэрлэх байдал нэмэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийслэл хотын хэмжээнд 10 мянга гаруй айл өрх цахилгаанаар халаалтаа шийдсэн гэх албан бус судалгаа байна. Эдгээр айл өрхүүд сард дунджаар 200-аас 700 мянга хүртэлх төгрөгийг тогны мөнгөнд зарцуулдаг юм байна. Хэрэв эрчим хүчний үнийг 64 хувиар нэмэгдэх асуудал эцэслэгдвэл эдгээр айл өрхүүд сард багадаа 1 сая хүртэлх төгрөгийг эрчим хүчний зардалд зарцуулах төлөвтэй байна.
Эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан хэдий ч үе шаттай тооцоо судалгааны үндсэн дээр шийдвэрлэх ёстой гэх байр суурийг гишүүд илэрхийлж байна. Тухайлбал иргэн ААН-үүдийн цахилгаанд зарцуулж буй үнийн тарифаас шалтгаалан үнийг харилцан адилгүй байдлаар нэмэгдүүлэх нь зөв гэсэн юм.
Цаашид эрчим хүчний салбарт хатуу бодлого баримтлахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрчээ. Манай улс эрчим хүчийг алдагдалтай үнээр иргэдэд борлуулдаг. Мөн дээр нь уг салбар нь урт богино хугацаанцы 2 их наяд гаруй төгрөгийн өр зээлтэй юм байна.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар эрчим хүчний үнийг 20 орчим хувиар нэмэгдүүлэхэд инфляц дагаад 1 хувиар өсөх эрсдэлтэй талаарх тооцооллыг гаргасан байдаг. Харин Засгийн газрын ирэх 4 жилийн төлөвлөгөөнд инфляцыг нэг оронтой тоонд тогтоох төлөвлөгөөг тусгасан юм. Үүнээс харахад Засгийн газраас гаргаж байгаа бодлого шийдэврүүд уялдаа холбоо муу байгаагийн илрэл юм.