Ирэх саруудад хур тунадастай, дулаан болон хүйтний ялгарал эрс тэс байх тул өвлийн бэлтгэлээ сайтар базаахыг анхааруулж байна
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, авто замд халтиргаа гулгаа үүссэн тул ердөө 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд зам тээврийн ослын нийт 758 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь жолооч нар өвлийн бэлтгэлээ базааж, тээврийн хэрэгсэлдээ өвлийн дугуй тавиагүйтэй холбоотой гэж үзэж байна. Ирэх саруудад өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү хур тунадастай, дулаан болон хүйтний ялгарал эрс тэрс байх тул төр, хувийн хэвшлийн байгууллагууд болоод иргэд, малчид өвлийн бэлтгэлээ сайтар базаахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. 

Ихэнх нутгаар цас орсны улмаас зөвхөн 10-р сарын 20-ны өдөр авто замд 758 осол гарч, хэнтий аймгийн орон нутгийн замд ослоос үүдэн нэг иргэн амиа алджээ. Энэ нь ердийн өдрийн статистактай харьцуулахад 3 дахин их тоо юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн амралтын өдөр орсон цасны уршгаар бүртгэгдсэн зам тээврийн ослын тоон мэдээлэл улс даяараа өвлийн бэлтгэлээ базааж амжаагүйг харуулж байна. Учир нь дийлэнх ослын шалтгаан нь жолооч нар тээврийн хэрэгслийн дугуйгаа өвлийн дугуйгаар солиогүйтэй холбоотой байна.

Цас орж эхэлсэн даруйд хотын гол болон туслах замын цэвэрлэгээнд 500 гаруй албан хаагч, 100 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж, 425 тонн давс, 83 тонн бодис цацаж, цэвэрлэсэн байна. Одоо ч замд дагтаршсан цасыг түрэх, давс, бодис цацах ажил үргэлжилж байна.

Одоогоор замын нөхцөл байдал харьцангуй гайгүй байгаа хэдий ч иргэд өвлийн бэлтгэлээ базааж амжаагүй үед гэнэтийн цас орсны улмаас зорчиход хүндрэлтэй байгааг хэлж байсан юм.

Их хэмжээний цас орсны улмаас зөвхөн авто замд халтиргаа гулгаа үүсэж осол аваарын тоо нэмэгдхээс гадна явганаас бэртсэн, угаарийн хийд хордсон дуудлага мэдээллийн тоо ч өссөн үзүүлэлттэй байна. Зөвхөн 10-р сарын 20-ны өдөр явганаас халтирч бэртсэн 86 иргэн ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн бол 2-80 насны 25 иргэн угаартсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд 12 нь бага насны хүүхэд байна.

Цаашид цаг агаарын нөхцөл байдал олон жилийн дунджаас хүйтэн, ахиу хур тунадастай байх тул иргэд, малчид өвлийн бэлтгэлээ сайтар базаахыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Энэ жил давс бодисны нөөц хангалттай, техник хэрэгслийн 40 гаруй хувийг шинэчилсэн талаар нийслэлийн захирагчийн албанаас мэдээллээ. Харин иргэдийн хувьд өөрсдийн аюулгүй зорчих, амьдрах нөхцлийг хангаж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна. Түүнчлэн аан, байгууллагууд ч үйл ажиллагаа явуулж буй газрынхаа ойр орчмын 50 метр зам талбайг цэвэрлэх үүргээ гүйцэтгэхийг уриалж байна.