Сүүлийн өдрүүдэд нийслэлийн иргэдийн дунд томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байна. Ханиад томууны тохиолдлын тоог өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад буурсан хэдий ч томууны шинж тэмдэгтэй үзүүлэх иргэдийн тоо буурахгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал ЭХЭМҮТ-өөр ажлын өдөр 300-350 хүүхэд амралтын өдрөөр 350-450 хүүхэд томуугийн шинж тэмдэгтэйгээр үйлчилгээ авч байгаа юм байна. Сүүлийн өдрүүдэд аденовирусийн шалтгаантай халдвар зонхилон тохиолдож байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Уг вирусний халдвар нь амьсгалын зам, нүд ба гэдэсний салст бүрхүүл, тунгалгийн эдүүдийг гэмтээж халуурах, бага зэргийн хордлогын шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин. Томуугийн дэгдэлтийн үед амьсгалын замын вирусийн халдварт өвчний 25-30 хувийг аденовирусийн халдвар эзэлдэг юм байна. 5 хүртэлх насны хүүхдүүд бүгд уг халдвараар өвддөг ба тал нь давтан өвддөг байна. Өвчин үүсгэгч вирус нь гадаад орчинд тэсвэртэй, бага температурт удаан хадгалагддаг бөгөөд тасалгааны хэмд 14 хоногийн турш шинж чанараа алддаггүй байна.
Эцэг эхчүүдийн зүгээс хэрэв хүүхэд нь томуугийн шинж тэмдэг илэрсэн л бол сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй бүрэн гүйцэт эмчилгээ хийлгэж эдгэрснийх нь дараа сургууль цэцэрлэгт нь явуулахыг сануулж байна.
Аденовирусний үүсгэгч нь амьсгалын замаас 25 хоног, гэдэснээс 2-3 сарын турш ялгардаг байна. Өвчлөл гол төлөв сэрүүний улиралд ихсэх ба 6 сартайгаас 5 нас хүртэлх хүүхдүүд их өвчилдөг. Давтан өвчлөхөд идэвхтэй дархлаа тогтдог бөгөөд насанд хүрэгчдэд 100 хувь аденовирусийн эсрэг бие үүссэн байдаг бөгөөд дархлаа нь өвчний хэлбэр бүрд өвөрмөц учир олон удаа өвчлөх боломжтой байна. Уг вирус нь халдварын нууц үедээ 5-6 хоног, зарим үед 9-14 хоног үргэлжилдэг бөгөөд 38-39 хэм хүртэл халуурах хамар, залгиурын салст бүрхүүл хавагнах, улайх, амьсгал авахад саадтай болох, ядарч, сульдах, хоолны дуршил буурах, толгой өвдөх, цөөн тохиолдолд үе мөч, булчин өвдөх, нүд улайх, торох, хорсох шинж тэмдэг илэрдэг байна. Түүнчлэн халдварын гол онцлог нь нүдний салстыг гэмтээдэг байна.