Израилчууд хүнс, ундны ус, эм эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг бүрэн хориглохын зэрэгцээ дүрвэгсдийн хуарангаас эмэгтэйчүүд, хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлж эхэллээ
Израилын арми Газын зурвасын хойд хэсэгт байлдааны ажиллагааагаа эрчимжүүлж, бүс нутгийг чөлөөлөх арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд дүрвэгсдийн хуаранд нөхцөл байдал улам дорджээ. Израилчууд хүнс, ундны ус, эм эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг бүрэн хориглохын зэрэгцээ дүрвэгсдийн хуарангаас эмэгтэйчүүд, хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлж эхэллээ.

Даваа гарагт Израилын арми Хезболла зэвсэгт байгууллагын алт, мөнгөний агуулахыг пуужингийн довтолгоогоор устгахын сацуу Жабалиа дахь эмнэлгийн байгууламжуудыг бүсэлж хүүхэд эмэгтэйчүүдийг бүс нутгаас яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлснийг Өрнөдийн хэвлэлүүд мэдээллээ. Хезболла-гийн толгойлогч алагдсанаас хойш 7 хүрэхгүй хоногийн дараа Израилчууд Газын зурвасыг бүхэлд самнаж, чөлөөлөх ажиллагаагаа улам эрчимжүүлж байна. Даваа гарагт тэд Газын зурвас дахь Палестины эрэгтэйчүүдээс байцаалт авч эхэлсэн төдийгүй зугтах гэж оролдсон хүмүүсийг хөнөөж буйг НҮБ-ын Палестины дүрвэгсдийн агентлагаас мэдэгджээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Израилын армийн хуурай замын болон пуужингийн довтолгооны уршгаар жабалиа хотод 18 хүн, Газын зурваст 8 оршин суугч амиа алджээ. Харин Израилын Батлан хамгаалах яамнаас тус улсын цэргийн алба хаагчид Жабалиа хотод байрлах Хезболла бүлэглэлд хамаарах дэд бүтэц, хонгилын байгууламж, бүлэглэлийн дайчдыг устгаснаа мэдэгджээ.

Харин Израилын Засгийн газрын НҮБ-т тайлагнаснаар цэргийн алба хаагчид олон мянган энгийн номхон иргэдийг зохион байгуулалттайгаар, аюулгүй гарцаар нүүлгэн шилжүүлснээ онцолжээ. Гэхдээ Израилын Засгийн газрын мэдээлэл бодит байдалтай зөрчилдөж байгаа нь хэдийн ил болжээ. Өнгөрсөн долоо хоногт ану-ын эрх баригчид Газын зурвас дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд шуурхай бөгөөд үр дүнтэй хариу арга хэмжээ авах ёстой эсвэл Израил руу илгээх тусламжийг хязгаарлаж болзошгүйг анхааруулаад байна.