Мягмар гарагт АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен “Долоогийн бүлэг” болон Европын Холбооны гишүүн орнууд Оросын битүүмжилсэн хөрөнгийг барьцаалж, Украин улсад 50 тэрбум долларын зээл олгох асуудлыг эцэслэхэд "Маш ойрхон" байгаа тухай мэдэгдлээ. Мөн тэрээр АНУ-ын Засгийн газар санхүүгийн тусламжийн нийт дүнгийн 40 орчим хувийг бүрдүүлэх боломжтойг онцоллоо. Түүнчлэн Ж.Йеллен Оросын гадаад хөрөнгийн дийлэнх нь Европын улс орнуудад битүүмжлэгдээд байгаа төдийгүй Европын Холбооны эрх баригчид Кремлийн хөрөнгийг царцаах шийдвэрээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд нэгдсэн ойлголттой байх ёстойг бас хэлжээ.
Цаашилбал АНУ-ын эрх баригчид Украин руу 20 тэрбум ам.долларыг өнөө маргаашгүй илгээхэд бэлэн байгаа ч Европын Холбоо болон тус эвслийн гишүүн орнууд нэгдсэн зөвшилцөлд хараахан хүрч чадаагүй хэвээр байгааг Жанет Йеллен цухас дурджээ.
Нөгөөтээгүүр уг зээлийг талууд татвар төлөгчдийн санхүүжилтээр бус оросын хөрөнгийн орлогоос төлөхийг тэрээр тайлбарлажээ. Мягмарг гарагт ЕХ-ны парламент гишүүн орнууд дахь Оросын гадаад хөрөнгийг барьцаалж украинд 30 тэрбум долларын зээл олгох тогтоолыг баталсан бөгөөд одоо Өрнөдийн эвслийн орнуудын хууль тогтоогчид зөвшөөрөл олгосноор албажих юм байна.