Нарендра Моди, Ши Жиньпин нар сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа нүүр тулан уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх үеэрээ хилийн мөргөлдөөнөөс үүдэлтэй үл ойлголцол, эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хөнджээ.
Хэлэлцээний эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр орон өрсөлдөгч биш, хамтын ажиллагааны түнш гэдгээ нийтлэг хүлээн зөвшөөрч, хамтдаа хөгжих арга замыг эрэлхийлэх ёстой гэдгийг цохон тэмдэглэлээ. Хариуд нь Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди манай гаргийн хамгийн их хүн амтай хоёр орны харилцаа зөвхөн хоёр талын ашиг сонирхол бус дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд чухал ач холбогдолтой болохыг хэллээ.
Гэхдээ сүүлийн 20 орчим жилийн хугацаанд хоёр улсын хилийн маргаантай бүсэд үе үе зэвсэгт тулгаралт гарсаар байна. Өнгөрсөн 2020 онд болсон зэвсэгт тулгаралтын үеэр талууд харилцан адилгүй хүн, хүчний хохирол амссан юм.
Тэгвэл уулзалтын дараа Хятад, Энэтхэгийн удирдагчид хил орчмын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, санал зөрөлдөөнөө шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор тусгай төлөөлөгчдөөр дамжуулан яриа хэлэлцээ хийхээр тохиролцсоныг мэдэгджээ.
Тэд мөн бүх түвшинд, тэр дундаа Гадаад Хэргийн сайд нарын хоорондын харилцааг сайжруулахаар тохиролцжээ. Энэтхэг Хятадтай эдийн засгийн харилцаагаа сэргээх замаар хөрөнгө оруулалт татаж, үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлнэ гэж найдаж буйг шинжээчид хэлж байна.