Лхагва гарагт Байден, Трамп нар цагаан ордонд биечлэн уулзана

Ирэх Лхагва гарагт АНУ-ын одоогийн засаг захиргааны тэргүүн Жо Байден ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай Цагаан ордонд биечлэн уулзахаар болжээ. Уламжлалын дагуу АНУ-ын одоогийн болон сонгогдсон хоёр төрийн тэргүүн Цагаан ордны “Зууван” танхимд хүлээн авч уулздаг байна.

Гэхдээ Доналд Трамп 2020 оны сонгуулийн дараа ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй тухайн үед ялагч Жо Байденыг Цагаан ордны “Зууван” танхимд хүлээн авч уулзахаас татгалзсанаар уламжлалыг эвдсэн юм.  Харин өнгөрсөн долоо хоногт Жо Байден ард түмэндээ хандаж дараагийн засаглал руу шилжих үйл хэргийг тайван замаар явуулна гэдгээ амласан байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Доналд Трамп сонгуульд ялалт байгуулсныхаа дараа олон нийтийн өмнө ил гараагүй байна. Шинжээчид түүнийг сонгуулийн кампанит ажлын удирдлагуудын хамт Засгийн газрынхаа гишүүнчлэлд нэр дэвшигчдийг хэлэлцэж байгаа гэж үзэж байна.

Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Доналд Трамп өөрийн сонгуулийн кампанит ажлын менежер Сюзи Уайлсыг Цагаан ордны тамгын газрын даргаар томилсноо мэдэгджээ. Мөн энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн ардчилсан намынхан дотроо буруутнаа эрж хайсаар байна. Тус намын ахмад улс төрч төлөөлөгчдийн танхимын дарга асан Ненси Пелоси ялагдлын гол шалтгаанаар Жо Байденыг нэрлэж байна. Тэрээр Жо Байденыг дараагийн залгамжлагчаа тодруулалгүй хугацаа алдсанаас гадна эрүүл мэндийн нөхцөл байдалтай нь холбоотой шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөлгүй олон нийтийн дунд намынхаа нэр хүндийг унагасан гэж шүүмжилжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгчийн болон Конгрессын сонгуульд Бүгд Найрамдахчууд бүхэлдээ ялалт байгуулсан төдийгүй Доналд Трамп ирэх 4 жилийн хугацаанд өөрийн бодлого арга хэмжээг намын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр болсныг хэвлэлүүд онцолж байна.