НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалт тодорхойгүй нөхцөл байдалд нээлтээ хийлээ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгуулсны дараа НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалт Азербайжаны нийслэл Баку хотод нээлтээ хийж байна. Баруун жигүүрийн үзэл баримтлалтай Доналд Трамп уур амьсгалын өөрчлөлтөд оруулах төсвөө танаж, олон улсын хамтын нийгэмлэгийн энэ чиглэлд оруулж байгаа санаачилгад дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ илэрхийлдэг юм.

Cop29 буюу НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 190 гаруй улс орон, нутаг дэвсгэрийн төлөөлөгчид оролцож байна. Энэ чуулган энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх тов гарчээ.

Ирэх 2025 оноос эхлэн хөгжингүй орнууд хөгжиж байгаа орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь туслах зорилгоор жил бүр хэр хэмжээний санхүүжилт олгох нь хэлэлцэх асуудлын гол сэдэв болох төлөвтэй байна.  Өөр нэг анхаарал хандуулах зүйл бол санхүүгийн хувь нэмрийг хэн хариуцахыг удирдагчид бас хэлэлцэх юм.

Мөн чуулганд оролцогчид 2035 он хүртэл хүлэмжийн хийг бууруулах шинэ зорилтуудын талаар хэлэлцэх төлөвтэй байгаа төдийгүй улс орнууд төлөвлөгөөгөө ирэх 2-р сар гэхэд НҮБ-д өргөн барих ёстой юм байна.

Тэгвэл дэлхийн дулаарлыг бий болгож байгаа нүүрс төрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах чиглэлд АНУ-ын шинэ засгийн газар хамтран ажиллах эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Мөн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Трампыг 2015 оны Парисын хэлэлцээрээс улсаа гаргахаар төлөвлөж байгаа гэж үзэж байна. Энэхүү гэрээ нь дэлхийн дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 1.5 хэмээр хязгаарлах зорилготой юм.