СЭМҮТ-д цахим мөрийтэй тоглоомтой холбоотойгоор 2020 онд 3 хүн хандаж үйлчилгээ авч байсан бол 2023 онд энэ тоо 106 болжээ

Манай улс мөрийтэй тоглоомыг хуулиараа хориглосон байдаг. Гэтэл “Ковид”-19 цар тахлаас хойш цахим мөрийтэй тоглоом иргэд тоглох нь нэмэгдэж, донтох тохиолдол ч цөөнгүй гарч байна. Тэгвэл 2020 онд цахим мөрийтэй тоглоомтой холбоотойгоор СЭМҮТ-д 3 хүн хандаж үйлчилгээ авч байсан бол 2023 онд энэ тоо 106 болж 4 жилийн дотор 35 дахин нэмэгджээ.

Манай улсын иргэд хууль бусаар мөрийтэй тоглоом тоглож, жил бүр гадны улс орон луу 200 гаруй тэрбум төгрөг урсгадаг байна. Цахим мөрийтэй тоглоомд холбогдогчид нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 25-40 насныхан байна. Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа этгээд нь тухайн программыг урьдчилан програмчилж, хиймэл тоглогчийг тоглуулах, хөзрийг нь программаасаа харах зэргээр иргэдийг хохироож байгаа юм.

Монгол улс нь мөрийтэй тоглоомыг хуулиараа хориглосон байдаг. Энэ бол хууль бус үйлдэл. Хэрэв цахим мөрийтэй тоглоом зохион байгуулбал 1-3 жилийн хорих ялаар шийтгэдэг байна. Харин цахим мөрийтэй тоглоомын газар байгуулсан бол 5 хүртэлх жилийн хорих ялтай. Мөн иргэн та цахим мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчлийн тухай хуулиар 100.000 төгрөгөөр торгуулж, хожсон мөнгө, тоглосон хэрэгслээ хураалгах хариуцлага хүлээдэг байна.

Иргэд цахим мөрийтэй тоглоом тоглосоор донтож ухаалгаар өөрийн хөрөнгөө захиран зарцуулж чадахгүй болж байгааг СЭМҮТ-өөс мэдээлж байна. Цахим мөрийтэй тоглоомоос шалтгаалж иргэд цалин болон апплейкшний зээл авах, ойр тойрны хүмүүсээсээ мөнгө зээлэх, эд хөрөнгөө зарж борлуулан цахим орчинд мөрийтэй тоглож байна. Цаашлаад тухайн хүн нь цахим мөрийтэй тоглоомоос үүдэж мөнгө олох гэсэн сэдлээр гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд ч гардаг байна.

Ийнхүү цахим мөрийтэй тоглоомтой холбоотойгоор 2020 онд СЭМҮТ-д 3 хүн хандаж энэ чиглэлээр үйлчилгээ авсан бол 2023 онд 106 болж нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, ковидоос хойш цахим мөрийтэй тоглоомд донтох байдал нэмэгджээ. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд цагдаагийн байгууллагаас цахим хэрэгсэл ашиглан хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 4500 гаруй домэйн хаягийг монгол улсаас хандах эрхийг нь хязгаарласан байна. Ингээд цахим мөрийтэй тоглоомтой холбоотойгоор 450 сая гаруй төгрөгийг царцаажээ.