Нүхэн жорлонгоос шалтгаалж хөрсний бохирдол үүсэж, иргэдийн дунд цусан суулга өвчлөлийн тоо ч нэмэгджээ

Манай улсад агаарын бохирдлоос гадна ус, хөрсний бохирдол үндэсний хэмжээний гамшиг болж байна. Тодруулбал хөрс, усны бохирдлыг үүсгэгч гол эх үүсвэр нь стандартын бус нүхэн жорлон юм.

  • Улаанбаатар хотын хэмжээнд 168.000 гаруй нүхэн жорлон байна. Эдгээр стандартын бус жорлонгоос шалтгаалж хөрсний бохирдол үүсэн үүнийг дагаж иргэдийн дунд цусан суулга өвчлөлийн тоо нэмэгджээ.
  • Нийслэлийн хэмжээнд хөрсний шинжилгээ хийхэд нийт дээжийн 88 хувьд нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол гэр хороолол орчмын бүсийн 93 хувьд нян, хөгц, мөөгөнцөр илэрчээ.
  • Нүхэн жорлонгийн ялгадас нь хөрсөнд нэвчиж хөрсний бохирдол үүсгэхээс гадна газрын доорх гүний усыг бохирдуулдаг юм. Судалгаагаар гандан, дөлгөөн нуур, 32-ын тойрог орчмын гэр хорооллын хөрс ялгадсаар бохирдож, доош нэвчсэн байдалтай байна.
  • Нүхэн жорлонгоос үүдэлтэй бохирдсон ус, хөрснөөс шалтгаалан дэлхий дахинд жилд 800 мянга гаруй хүн амь эрсэддэг байна.

Улс орон бүр стандартын бус нүхэн жорлонгийн асуудлаа шийдэхдээ нэгдсэн менежмэнтээр өөрийн улс орны онцлогтой уялдуулан арга хэмжээг авч ажилсан байдаг. Жишээлбэл, БНХАУ нойтон жорлон буюу эргэлтийн усаар ялгадсаа урсгадаг арга технологийг ашигладаг байна. Харин манай улсын хувьд гэр хорооллын бүс их, эрс тэс уур амьсгалтай зэрэг шалтгаанаас үүдэж ус бага хэрэглэдэг эсвэл эргэлтийн усыг ашигладаг хуурай технологийн шийдэл байх нь илүү тохиромжтой гэж мэргэжилтнүүд хэлж байсан юм.

Нүхэн жорлонгийн асуудлыг шийдэх хамгийн эхний алхам бол иргэд ялгадас болон хэрэглээнээс гарсан бохир усны байгууламжийг өөр өөр газар байршуулах юм байна. Өөрөөр хэлбэл, зориулалтын жорлонгийн нэг шийдэл нь бактерийн аргаар ялгадсыг задлах юм. Гэтэл иргэд бохир усаа жорлон руугаа хийж байгаа нь эргээд энэ технологи ажиллахгүй байх нөхцөл байдлыг үүсгэдэг байна. Эдгээрээс харахад нүхэн жорлонг шийдэх янз бүрийн технологи манай улсад нэвтэрсэн хэдий ч яг аль шийдлээр, ямар зохион байгуулалттайгаар ажиллах нь тодорхой бус байгаагаас шалтгаалж өнөөг хүртэл жорлонгийн асуудал шийдэгдэхгүй хэвээр байна.

Хүний бие засах нөхцөл хэчнээн чухал болохыг, үүнээс үүдэх хор уршиг ямар аюултайг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч улс орон бүр стандартын ариун цэврийн байгууламжыг нэвтрүүлж асуудлаа шийдсээр байна. Харин манай улсад шаардлага хангаагүй нүхэн жорлон нь өнөөдөр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн байгаа гэдгийг мэргэжилтнүүд ийнхүү тайлбарлаж байсан юм.