2023 онд 108 тусгай дугаарт нийт 111.000 гаруй дуудлага ирсний 50 хувь нь хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага байжээ
Монгол улс хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоохын тулд хууль эрхзүйн орчноо чангатгасан улсын нэгээр  нэрлэгддэг. Гэвч өнөөг хүртэл энэ төрлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлүүд буурахгүй байна. Тухайлбал, 108 тусгай дугаарт өнгөрсөн 2023 онд гэхэд л нийт 111.000 гаруй дуудлага ирсэний 50 хувь нь хүүхдийн хүчирхийллийн дуудлага байжээ.

Хүүхэд хамгаалал түүнчлэн хүүхдийн эрхийн талаар шат шатны байгууллагын уялдаа холбоо чухал байгаагаас гадна орон нутгийн байгууллагын оролцоо ихээр үгүйлэгдэж байна. Учир нь нийслэл хотод амьдардаг хүүхдүүдээс илүүтэйгээр хөдөө орон нутгийн хүүхдийн эрх зөрчигдөх байдал илүү байгаа юм. Нэг үеэ бодвол хөдөө орон нутагт амьдарч буй хүүхдийн сургуулийн орчин тэр дотроо модон жорлон, халаалтгүй дотуур байрны асуудал харьцангуй шийдэгдэж байгаа. Гэсэн ч өнөөдөр сум, тосгонд амьдарч буй хүүхдүүдийн ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж бага хэвээр байгаа юм. Мөн хөдөө амьдардаг 3 хүүхэд тутмын нэг нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна.

Ийнхүү хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжих боломжийн үзүүлэлтүүд хот, хөдөөд ялгаатай хэвээр байна. Тиймээс хөдөө орон нутгийн захиргааны байгууллагааас эхлээд бүхий л шат шатны газрууд хүүхдийн эрхэд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Орон нутгийг хүүүхдэд ээлтэй болгох, хүүхэдтэй холбоотой төсөв төлөвлөлтийг сайжруулах, нийгмийн салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэдүүлэх чиглэлд ажиллах хэрэгтэй байгааг инйхүү холбогдох мэргэжилтэнгүүд хэлж байна.