Нийслэл Улаанбаатар хотод автомашины улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Ингэснээр импортоор орж ирж буй автомашинд хотын серитэй улсын дугаар олгоход тодорхой хязгаарлалт болж байгаа юм. Гэвч тус шийдвэр нь асуудал дагуулж иргэд болон автомашины бизнес эрхлэгчид эсэргүүцэн байр сууриа илэрхийлсээр байна. Иргэд дугаар олголтыг хязгаарлах нь үндсэн хуулиар олгогдсон өмчтэй байх эрхийг хязгаарласан гэж үзэн өнгөрсөн 7 хоногт үндсэн хуулийн цэцэд хандаад байсан бол өнөөдөр автомашины бизнес эрхлэгчдийн төлөөлөл ч мөн адил эрх бүхий хүмүүст шаардлага хүргүүллээ.
Өнгөрсөн амралтын өдөр буюу 11-р сарын 16-ны өдөр хотын удирдлагууд ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, бодлого төлөвлөлтийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч Нямбаатар дугаар олголттой холбоотой асуудлаар “Халтар төгрөг цуглуулсан хэдэн ченж нараас айх юм байхгүй” гэсэн тайлбарыг хэлсэн юм.
Хотын даргын энэхүү тайлбар нь автомашины худалдаа эрхлэгчдийг илт доромжилсон, гүтгэсэн утга агуулгатай гэж үзэн өнөөдөр автомашины бизнес эрхлэгчдийн холбоод хамтран мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс түгжрэлийг бууруулах зөв шийдлийг дэмжиж байгаа ч бизнес эрхлэгчдийг ёс бусаар хэлж гүтгэсэнд гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Мөн хотын даргыг суудлаас нь огцруулах акц зохион байгуулаагүй гэж мэдээллээ. Харин улсын бүртгэлийн дугаар авахад тавьж буй шаардлагууд нь үндсэн хуулиар олгогдсон өмчтэй байх эрхийг зөрчиж байгаа тул энэ нь түгжрэл бууруулах шийдэл биш гэж хэлж байсан юм.
-
Журмыг дахин боловсруулж, бизнес эрхлэгчдийн нөхцөл байдлыг тусгах
-
Импортоор ирж буй 37 мянга гаруй автомашинд улсын дугаар олгох
-
Улсын бүртгэлийн дугаар авахад тавьж буй шаардлагын заримыг хасах.
Тодруулбал уг журмын нэгд автомашиндаа улсын дугаар авахын тулд хувьдаа зогсоолтой, гарааштай байх ёстой гэж заасан нь үндсэн хуулиар олгогдсон өмчтэй байх эрхийг зөрчиж байна гэж үзжээ.
Мөн 2015 оноос хойш үйлдвэрлэсэн, эко, 0 километртэй гэх шаардлага тавьсан нь 100-150 сая төгрөгтэй хүн л машин унаж, бусад нь алх гэснээс өөрцгүй байна гэх мэдээллийг өгсөн юм.