Украины арми дайн эхэлснээс хойш анх удаа АНУ-ын илгээсэн “Atacms” пуужингаар ОХУ-ын Брянск мужид цохилт өгөв
Өнгөрөгч Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украин руу илгээж байгаа зэвсгийг зөвхөн хамгаалалтын зориулалтаар ашиглах биш, Оросын газар нутгийн гүнд цохилт өгөхөд хэрэглэж болох тухай зөвшөөрлийг өгсөн гэж мэдээлсэн юм. Жо Байден шийдвэрээ гаргасны дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин цөмийн зэвсгийн номлолдоо өөрчлөлт оруулж, ийм төрлийн зэвсэг хэрэглэх босго, болзол нөхцөлүүдийг ахин тодорхойлсноо мэдэгдлээ.

Тэгвэл зүүн Европын газар нутагт дэгдсэн дайны 1000 дахь өдөр өнгөрсөн Мягмар гарагт тохиохтой зэрэгцэн Украины арми АНУ-ын илгээсэн алсын тусгалтай армийн тактикийн пуужингаар ОХУ-ын газар нутгийн гүнд, тухайлбал Брянск мужид байрлах цэргийн байгууламжуудыг онилон цохилт өгсөн байна.  ОХУ-ын Батлан хамгаалах яам армийн дэд бүтцийг нь онилсон зургаан пуужингийн тавыг нь агаарт амдуулан устгаснаа мэдэгдсэн бөгөөд нэг нь байндаа туссан ч ноцтой хохирол амсаагүй байна.

Харин Украины Засгийн газраас хилийн зурвасаас 110 километрийн зайд орших Оросын зэвсгийн агуулах руу цохилт өгсөн төдийгүй сумны агуулахад дэлбэрэлт болсон гэж мэдэгдсэн ч нотлох баримт үзүүлсэнгүй. Украины арми ашигласан зэвсгийнхээ талаар олон нийтэд тодорхой тайлбар өгөхөөс татгалзсан ч албаны эх сурвалж болон АНУ-ын эрх баригчид Атакмс буюу армийн тактикийн пуужинг ашигласан гэдгийг мэдэгдсэн.

Тэгвэл  Франц, Польш тэргүүтэй НАТО-ын гишүүн орнуудын удирдагч нар Жо Байдены шийдвэрийг дэмжсэн бол зөвхөн Германы канцлер Олаф Шольц дайн илүү өргөн хүрээг хамрахаас сэргийлэх ёстойг сануулсан юм. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын ерөнхийлөгчийн шийдвэр нь өрнөдийнхөн мөргөлдөөнийг хурцатгах гэсэн тодорхой дохио болохыг хэлж, АНУ-ын үйл ажиллагааны дэмжлэггүйгээр ийм зэвсгийг хөөргөх боломжгүй төдийгүй ийм зэвсгээр хөөцөлдөх нь Вашингтон мөргөлдөөнд татагдан орсныг илтгэж байгаа гэдгийг тэрээр сануулсан. Мөн ОХУ удахгүй тодорхой хариу арга хэмжээ авахыг Сергей Лавров анхааруулсан юм. Мягмар гарагт ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас тус улсын агаарын довтолгооноос хамгаалах анги нэгтгэл орон нутгийн цагаар 21 цагт өмнөд болон төвийн найман бүс нутагт Украины 42 нисгэгчгүй онгоцыг устгасан гэж мэдэгдсэн байна.

Тэгвэл олон улсын тэргүүлэх шинжээчид Украины арми өрнөдийн алсын болон дундын тусгалын пуужингуудыг ашиглан Оросын газар нутагт агаарын цохилт өгснөөр 33 сар үргэлжилж байгаа дайны хувь заяаг өөрчилж чадахгүй гэж үзэж байгаа төдийгүй хэтэрхий оройтсон үйлдэл гэдгийг уламжилсан.