Израилын ерөнхий сайд “Хамас” зэвсэгт байгууллагын барьцаанд буй иргэдийнхээ амийг 5 сая ам.доллароор үнэлэв

Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху өнгөрөгч Мягмар гарагт “Хамас”-т барьцаалагдсан иргэдээ суллах хүртэл байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ ахин анхааруулсан байна. Гэхдээ тэрээр олзлогсдыг чөлөөлөхөд тусалсан, мэдээлэл дамжуулсан хүнд 5 сая ам.доллар төлөөд зогсохгүй мөргөлдөөний голомт болсон Газын зурвасыг орхих боломжтой аюулгүй гарцаар хангах амлалт өгснийг хэвлэлүүд онцолсон юм.

Мягмар гарагт Биньямин Нетаньяху Газын зурваст айлчлах үеэрээ хэлэхдээ “Барьцаанд байгаа хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулсан хүн бүр төлөөсөө төлөх бөгөөд Израилчууд хайж олон, шийтгэл амсуулна” гэж хэлсэн байна. Үргэлжлүүлэн тэрээр “Энэ ээдрээтэй нөхцөл байдлаас ангижрахыг хүссэн хүмүүст хандаж хэлье, барьцааны хүмүүсийг суллах үйл хэрэгт туслалцаа үзүүлж хамтран ажиллах юм бол та болон танай гэр бүлд сулласан хүн бүрийн тоогоор 5 сая ам.доллар төлж, Газын зурвасыг аюулгүйгээр орхин гарах боломж олгоно” гэдгээ онцолсон байна. Мөн тэрээр одоо сонголт “Хамас”-ын гишүүдийн гарт байгааг хэлж, сорилтуудыг үл харгалзан барьцааны хүмүүсээ суллах хүртэл байлдааны ажиллагаагаа явуулна гэдгээ анхааруулсан юм.

Тэгвэл барьцааны хүмүүсийн ар гэрийнхэн болон ерөнхий Израилчуудын хандлага Биньямин Нетаньяху Засгийн газраа авч үлдэхийн тулд олзлогдогсдыг суллахыг урьтал болгож, цус асгаруулсан байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна гэж шүүмжилж эхэлсэн юм. Нэг жилийн өмнөхтэй харьцуулахад өдгөө Израилчууд энхийн хэлэлцээр байгуулж дайны галыг зогсоосноор барьцааны хүмүүсээ суллахыг шаардаж байгаа юм. “Хамас”-ын талаас ч гэсэн Газын зурвас дахь дайны галыг бүр мөсөн зогсоосноор барьцааны хүмүүсийг суллах боломжтой гэж мэдэгдэж байгаа юм. Гэхдээ шинжээчид өдгөө барьцаанд байгаа 100 гаруй Израилын иргэд бүгдээрээ эсэн мэнд байгаа гэх баталгаа байхгүй гэдгийг хэлж байна.