НҮБ-ын уриалгаар 2017 оноос эхлэн “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг тэмдэглэх болжээ. Тэгвэл энэ өдрийг манай улс хүүхдийн эрүүл мэнд, боловсрол зэрэг олон чиглэлт асуудлыг нь хэлэлцэн, шат шатны байгууллагуудын уялдаа холбоо чухал байгааг ярилцсан юм. 2023 онд хийгдсэн нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд оролцогчдын 72 орчим хувь нь хүүхдэдээ асаргаа халамж сайн үзүүлдэг, үлдсэн хувь нь төдийлөн асаргаа халамж үзүүлдэггүй гэсэн ерөнхий үр дүн гарчээ. Жишээ нь, нийт судалгаанд хамрагдсан хүүхдийн 62 хувь нь хэл ярианы бэрхшээлтэй гэх асуудлаар эцэг эхчүүд эмнэлэгт хандаж байна. Шалтгаан нь хүүхэд гар утас хэт их хэрэглэж бусадтай амьд харилцаа үүсгэхгүй байгаагаас үүдэж байна. Мөн хүүхдийн хөгжилд аавуудын оролцоо муу байна гэсэн үр дүн гарчээ. Ялангуяа хөдөө орон нутагт аавуудын оролцоо, хүүхдээ харах, анхаарах оролцоо 20 хувиас бага байна. Тэгвэл эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавихад одоо ямар асуудал тулгарч байна вэ, ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ? гэж асуухад ажлын ачаалал их байна гэж дийлэнх нь хариулсан байна. Тиймээс төрийн, хувийн байгууллагууд гэр бүлүүдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэх нь хүүхдийн хөгжилд эергээр нөлөөлөх юм.
Мөн түүвэр судалгаанаас харахад 5 хүүхэд тутмын нэг нь СӨБ эзэмшиж чадахгүй байна. Үүнээс гадна 2-оос 3 дугаар ангид сурч байгаа 3 хүүхэд тутмын нэг нь суурь чадвараа эзэмшээгүй гэх үр дүн гарчээ. Суурь чадварыг зөвхөн унших, тоо бодох чадвараар л манай боловсролын системд хэмжиж байна. Үүнээс харахад Монгол хүүхдийн боловсролын асуудлыг ч мөн чухалчлах хэрэгтэй байна. Мөн дэлхийн хүүхдийн өдрөөр 9-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтэд анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Монгол улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орсон. Энэ хугацаанд хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар судлахад олон салбарын оролцоо чухал байгааг салбарынхан хэлж байсан юм.