Энэ долоо хоногт Украин улс, дайн байлдааны ажиллагаатай холбоотой олон арван онцлох үйл явдал өрнөж байна. Товчхон дурдахад Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украин руу илгээж байгаа алсын тусгалтай пуужингийнхаа хэрэглээнд тавьсан хязгаарлалтаа цуцласан бол дараах өдөр нь Их Британи, Франц хоёр улс ижил төстэй шийдвэрийг гаргасан бололтой.
Өнгөрөгч Мягмар болон Лхагва гарагт Украины арми АНУ болон Британи-Франц улсуудад үйлдвэрлэсэн алсын тусгалтай пуужингуудаар анх удаа дайсагнагч ОХУ-ын газар нутгийн гүнд цохилт өгсөн нь тодорхой болжээ.
Лхагва гарагт Их Британийн албаны хүмүүс болон Оросын армийн Блоггерууд “Storm Shadow” пуужингаар цохилт өгснийг нотолсон бөгөөд Курск муж дахь армийн зориулалттай байгууламжуудыг онилон цохилт өгсөн гэлээ.
Лхагва гарагт Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров Их Британид үйлдвэрлэсэн пуужинг ашигласан гэдгээ батлах эсвэл үгүйсгэхээс татгалзсан байна. Гэхдээ тэрээр түрэмгийлэгчээс эх орноо хамгаалахын тулд бүхий л арга хэрэгслийг ашиглаж байгаагаа хэлсэн ч дэлгэрэнгүй тайлбар өгөхийг хүссэнгүй.
Оросын армийн Блоггеруудын Телеграм сүлжээнд мэдээлснээр Украинчууд 12 хүртэлх “Storm Shadow” пуужинг Курск муж руу харвасан бөгөөд 6 нь Украины хилээс 60 орчим километр зайд орших Оросын Марино тосгонд пуужингууд газардсаныг илтгэх гэрэл зургийг хуваалцжээ.
Сөнөөгч онгоцноос харвадаг “Storm Shadow” далавчит пуужин 250 километр хүртэлх зайд тусах чадалтай бөгөөд Курск мужид өгсөн цохилтын уршгаар амссан хохиролтой холбоотой баримт одоогоо олдоогүй байна.
Тэгвэл эдгээр агаарын цохилтын хариуд Оросын талаас өргөн хүрээний агаарын довтолгоо явуулж болзошгүй байгаа тул АНУ-ын Засгийн газар Киев дэх Элчин сайдын яамаа түр хугацаанд хаах шийдвэр гаргажээ. Итали, Канад, Грекийн Гадаад хэргийн яам бас ижил төстэй арга хэмжээг авчээ.