Иргэд ЭМД төлж байгаа тул үйлчилгээгээ ч мөн хүндрэлгүй авахыг хүсэж байна

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж үйлчилгээгээ төлбөртэй болгож байгаа талаар мэдэгдэл гаргасан. Тэгвэл өнөөдөр ЭМЯ, ЭМДЕГ-аас мэдэгдэл гаргасан эмнэлгийн удирдлагуудтай уулзалт хийж, зөвшилцөлд хүрчээ. Тодруулбал, иргэдэд ямар нэгэн байдлаар хүндрэл учруулахгүйгээр эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг үйлчилгээг хэвийн үзүүлэхээр болсон байна.

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх эмнэлэг ЭМД-ын сангаас тодорхой хэмжээний санхүүжилт авдаг. Гэсэн ч тухайн санхүүжилт нь анх гэрээнд заагдсан мөнгөн дүнгээр хязгаарлагддаг тул хэтэрсэн тохиолдолд хэрхэх тухай зохицуулалт манай улсад байдаггүй. Тиймээс ч өнөөдрийн нөхцөл байдал үүсэж, төр эмнэлгийн байгууллага иргэд хоорондын үл ойлголцол бий болоод байна.

11-р сарын 20-ны өдөр АШУҮИС-ын харьяа Монгол Японы эмнэлгээс амбулоторийн тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, сэргээн засах өдрийн эмчилгээ, архаг өвчний үеийн хэвтэн эмчлүүлэх эмийн тусламж үйлчилгээг ЭМДС-аас санхүүжүүлэх боломжгүй болсон тул төлбөртэй болгож байгаа талаар мэдэгдэл гаргасан юм. Тус эмнэлэг 2023 онд ЭМДС-аас 23 тэрбум төгрөг авахаар гэрээлж байжээ. Харин энэ онд 19 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн байна. Гэвч өнөөдрийн байдлаар тус мөнгөн дүн хэтэрсэн. Учир нь өнгөрсөн жил нийт 145 мянган иргэнд үйлчилгээ үзүүлж байсан бол энэ оны 11-р сарын байдлаар аль хэдийн 160 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

Тэгвэл мэдэгдэл гаргасны маргааш өглөө нь ЭМЯ, ЭМДЕГ-аас холбогдох албан тушаалтнууд ирж тус эмнэлгийн удирдлагуудтай уулзан ойлголтын зөрүүг арилгаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлэхээр болжээ.

Ийнхүү ЭМДС-ийн асуудал удаа дараа яригдаж хувийн болон улсын эмнэлгүүдэд санхүүжилт олгоход хүндрэлтэй байгааг мэдэгдсээр ирсэн. Хэдийгээр ЭМДС-д санхүүгийн асуудал тулгамдаж байгаа ч иргэдэд ямар нэгэн хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр улсын эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэж мэдэгдлээ.

ЭМД-ын санд 2023 оны байдлаар 1.93 их наяд төгрөг төвлөрсөн. 11, 12 сард зарцуулах ёстой мөнгийг эхний улирлуудад зарцуулсан учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэж салбарын сайд мэдээллээ.

Ийнхүү ЭМДС-ийн асуудал удаа дараа яригдсаар байна. Одоогоор эмнэлгээр байгууллагаар үйлчлүүлэгч иргэн архаг хууч өвчлөлтэй, зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай биш л бол тухайн өвчтөнийг ирэх оныг гартал эмнэлэгт хэвтүүлэхгүй байх чиглэлийг улсын эмнэлгүүдэд өгчээ.