БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёль 3 хоногийн хугацаатай онц байдал зарласны дараа тус улсын хууль хүчнийхэн Парламентын ордныг бүслэн авснаас гадна олон нийтийн мэдээллийн хэрэгслийг цэнзурдэж, улс төрийн нам, хүчний үйл ажиллагааг хуулийн дагуу хориглоход хүрсэн байна. Харин Юн Сок Ёлын тэрхүү гэнэтийн шийдвэрийг эсэргүүцсэн Өмнөд Солонгосын сөрөг хүчний хууль тогтогчид болон олон нийт Парламентын ордныхоо гадна талбайд цугларчээ. Төд удалгүй тус улсын 300 суудалтай Үндэсний Ассамблейн 190 орчим гишүүн цэргийн хүчийг дайчилсан хорио цээрийг хүч хэрэглэн давж, шуурхай хуралдаан явуулан, санал хураасан бөгөөд санал хураалтад оролцсон сөрөг хүчний болон эрх баригч намын бүх хууль тогтоогчид ерөнхийлөгч Юн Сок Ёлын зарласан онц байдалд хориг тавьсан байна.
Ийнхүү тус улсын Үндэсний Ассамблейн гишүүд онц байдлын дэглэмд хориг тавьсны дараа ерөнхийлөгч Юн Сок Ёль зургаан цаг хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн онц байдлаа цуцалж байгаагаа мэдэгджээ. Тэрээр "Үндэсний Ассамблейн тавьсан цэргийн онц байдлыг цуцлах шаардлагыг хүлээн авч, цэргийн хүчнийг татан авсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар дамжуулан албан ёсны хууль тогтоомжыг хүчингүй болгоно” хэмээн мэдэгджээ. Тэрээр мөн мэдэгдэлдээ сөрөг хүчний нам, эвслийн гишүүдэд хандан ерөнхийлөгчийг огцруулах акц, импичмент хийх оролдлогоо зогсоож, хууль тогтоох, төсвийг завших арга замаар төрийн чиг үүргийг гацааж байгаа увайгүй үйлдлээ таслан зогсоохыг хүссэн байна.
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёлын Засгийн эрх баригч Консерватив ардын хүч нам болон Парламентын танхимд дийлэнх олонх болсон сөрөг хүчний Либерал намын хууль тогтоогчид ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг батлахын тулд хэдэнтээ хуралдсан ч баталж чадалгүй мухардалд ороод байгаа юм.
Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн гишүүд ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах акцыг аль эртнээс эхлүүлсэн бөгөөд тус улсын тэргүүн хатагтай үнэтэй брэндийн гар цүнхийг бэлгэд авсан нь авлигын нэг хэлбэр гэж буруутгаж байгаа юм. Мөн сөрөг хүчнийхэн Юн Сок Ёлыг эхнэртэй нь холбоотой дуулиануудыг хуулийн байгууллагаар бие даан шалгуулах, буруутай үйлдэлдээ ард түмнээсээ уучлалт гуйх ёстой гэж үзэж байгаа юм.
Үүнээс гадна сөрөг хүчний Либерал ардчилсан намын хууль тогтоогчид Юн Сок Ёлын цөөнхийн Засгийн газрын батлуулах гэж байгаа төсвийн төслөөс дөрвөн их наяд гаруй вон буюу ойролцоогоор 3 тэрбум ам.долларыг танах ёстой гэж үзсэнээр асуудал улам бүр хурцадсан байна.