АНУ-ын Засгийн газар ОХУ-ын эрчим хүчний салбарыг онилсон хориг арга хэмжээгээ өргөжүүллээ
Өнгөрөгч Бямба гарагт АНУ-ын Засгийн газар ОХУ-ын эрчим хүчний салбартай холбоотой эсвэл хамтран ажилладаг 200 гаруй аан болон хувь хүмүүсийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгдлээ. Шинэ хориг арга хэмжээ нь ерөнхийдөө тээвэр ложистикийн компаниудыг чиглэсэн бөгөөд Вашингтоны уг хориг арга хэмжээний улмаас 180 гаруй хөлөг онгоцын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.

АНУ-ын Засгийн газар ОХУ-ын "Сүүдрийн флот"-ыг онилон шинэ хориг арга хэмжээгээр шийтгэж байгаа бөгөөд Москвагийн орлогын гол эх үүсвэрт цохилт өгөх оролдлогоо өргөжүүллээ. Бямба гарагт Төрийн Департаментын цахим хуудаст АНУ-ын Сангийн яам Оросын газрын тос олборлогч газпром нефть, сургутнефтегаз хэмээх хоёр томоохон компани болон тэдэнд хамаарах 183 хөлөг онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтдаа оруулсан гэж мэдэгджээ.

Орос улс Барууны хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд "Өндөр эрсдэлтэй тээврийн практик" ашиглаж байгаа төдийгүй "Сүүдрийн флот" гэж нэрлэдэг нефть тээвэрлэгч хөлөг онгоцнуудаас улам бүр хамааралтай болж байгааг АНУ-ын Сангийн яамны тайлбарт дурджээ. ОХУ эрчим хүчний орлогоо алдахгүйн тулд хилийн чанадад хуурамч тээврийн компани байгуулж, хөлөг онгоцнуудын нэр хаяг, эзэмшлийг сольж далайд гарган, хулгайгаар тээвэрлэлт хийж байгаа гэж өрнөдийнхөн хардаж байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргаа эрчим хүчний салбарт олборлолтоос эхлээд тээвэрлэлт хүртэл өргөн хүрээтэй хориг арга хэмжээнүүдийг ашиглан Москвагийн орлогын гол эх үүсвэр болсон оросын газрын тосны гүйлгээг хязгаарлахыг зорьж байна.

Тэгвэл өнгөрөгч Ням гарагт ОХУ-ын ГХЯ-наас Москвагийн эрчим хүчний салбарын эсрэг авч хэрэгжүүлж байгаа Вашингтоны хориг арга хэмжээ нь дэлхийн зах зээлийг тогтворгүй болгох эрсдэлтэй ч кремлийн зүгээс газрын тос байгалийн хийн томоохон төслүүдээ саадгүй үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж мэдэгджээ. Мөн ОХУ-ын ГХЯ-наас Москва  гадаад бодлогын стратегиа боловсруулах явцдаа Вашингтоны зарласан "Дайсагнасан" үйлдэлд хариу барихаа анхааруулахын сацуу эдийн засгийн хориг арга хэмжээ нь хэтдээ хэрэглэгчдэд хохирол учруулахыг уламжилжээ.