БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёль бүрэн эрхийг нь түдгэлзүүлснийг үл харгалзан сар бүр 14 мянган ам.долларын цалингаа авна
Өнгөрөгч Ням гарагт БНСУ-ын Засгийн газраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн ч ерөнхийлөгч Юн Сок Ёль энэ жил 178 мянга гаруй ам.долларын цалин хөлс авна гэж мэдэгджээ. Өмнөд Солонгосын боловсон хүчний удирдлагын яамнаас энэ жил тус улсын төрийн албан хаагчдын цалин өнгөрсөн оныхоос гурван хувиар нэмэгдсэн бөгөөд ерөнхийлөгчийн цалин ч мөн адил даган нэмэгдсэн гэж мэдэгдсэн байна.

Юн Сок Ёлийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн ч тэрээр ерөнхийлөгчийн албан тушаалдаа үлдэхийн зэрэгцээ цалингаа үргэлжлүүлэн авахаар болж байна. Ингэснээр өнгөрсөн оны 12-р сарын дунд үеэс эрх мэдлээ алдсан ерөнхийлөгч Юн Сок Ёлийн цалин өнгөрсөн оныхоос 7.5 сая воноор нэмэгдэж байна. Сар бүр татвар шимтгэл төлөгдсөний дараа Юн Сок Ёль 21.8 сая вонн буюу 14 мянга гаруй ам.долларыг цалин болгож авна гэсэн үг юм.  БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 38-р зүйлийн дагуу ерөнхийлөгч Юн Сок Ёлыг албан тушаалаас нь огцруулах хэргийг 180 хоногийн дотор шийдвэрлэх ёстой юм байна. Ямартай ч энэ хугацаанд тэрээр баталгаажсан цалингаа авна гэдгийг судлаачид хэлж байна.

Өмнөд Солонгосын Үндэсний Ассемблэй 12-р сарын 14-ны өдөр Юн Сок Ёлийг цэргийн онц байдал тогтоосон асуудлаар импичмент хийхээр зарлаж, гүйцэтгэх засаглалын эрхийг нь түдгэлзүүлээд байгаа юм.

Харин түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн ч хөдөлмөрийн хуулийн дагуу цалин хөлсийг нь олгоно гэдгийг тус улсын Засгийн газраас мэдэгдсэний дараа олон нийт эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Өмнөд Солонгосын иргэд хариуцлага хүлээж байгаа төрийн албан хаагчдад цалин хөлс олгохгүй байхыг шаардаж байгаа юм. Гэвч одоогоор тус улсын хөдөлмөрийн хуулинд энэ асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалт байхгүй тул эрх зүйн хувьд шийдэл нь тодорхойгүй хэвээр үлдэж байна.