Монгол улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” тогтоол баталж, үндсэн хуулиа төрийн бүх байгууллага дээдлэн залахыг даалгаж, иргэн бүр судлан мэдэхийг ёсчилсон байдаг. Тэгвэл өнөөдөр Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан улсын их хурлын тамгын газраас анх удаа үндсэн хуулийг зүйл заалт бүрээр иргэдийн төлөөлөлөөр уншуулж танилцуулжээ.
Монгол улсын үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөд тусгагдсан сонгуулийн холимог тогтолцоо нь төлөөлөх чадварыг өргөжүүлэх замаар парламентын дархлааг бэхжүүлэхийг зорьсон. Энэхүү зорилго хэрэгжиж өнөөдөр Монгол улсын Их Хуралд таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүн сонгогдож, олон салбар чиглэлээр мэргэшсэн, нас насны төлөөллийг хангасан бүрэлдэхүүнтэй болж, олон ургалч үзэл өргөн хүрээнд хангагдах нөхцөл бүрджээ.
Монгол улсын Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг тайлбарлан таниулах, түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдол чухал хэвээр байгаа энэ цаг үед иргэн бүр үндсэн хуулиа мэддэг байх, түүний мөн чанар, ач холбогдлыг үнэлж, хүндэтгэдэг байх эрхэм зорилго иргэн бүрийн үүрэг юм байна.