2024 онд БНХАУ-ын гадаад худалдааны бараа эргэлт 6.1 их наяд ам.долларт хүрсэн нь дээд үзүүлэлт болжээ
Өнгөрсөн 2024 онд БНХАУ-ын гадаад худалдааны бараа эргэлт 6.1 их наяд ам.долларт хүрснээр дэлхийн хоёрдогч эдийн засгийн байр сууриа улам бэхжүүллээ. Даваа гарагт тус улсын гаалийн ерөнхий газраас нийтэлсэн тоо баримтаас харвал өнгөрсөн онд юаниар хийсэн бараа бүтээгдэхүүний импорт, экспортын хэмжээ 43,85 их наяд юань буюу 6.1 их наяд ам.доллар болсноор 2023 оны үзүүлэлтээ 5 хувиар ахиулж чаджээ.

Хятад улсын экспорт өнгөрсөн онд 7.1 хувиар өсч, 25.45 их наяд юаньд хүрсэн бол импорт өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар нэмэгдэж, 18.39 их наяд юаньд хүрсэн байна. Даваа гарагт Бээжинд болсон Засгийн газрын хэвлэлийн бага хурлын үеэр албаныхан өнгөрсөн 2024 онд дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын дийлэнхийн гадаад худалдааны бараа эргэлт, өсөлт саарсан бол хятад улсын гадаад худалдаа тасралтгүй өссөөр байсан гэдгийг онцолжээ.

Зөвхөн 12-р сарын импорт экспортын хэмжээ 4 их наяд юанийг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.8 хувиар өссөн нь түүхэн дээд үзүүлэлт болсныг Хятадын эрх баригчид хэллээ. Мөн 2024 оны эхний гурван улиралд Хятадын экспорт, импортын хэмжээ дэлхийн нийт бараа бүтээгдэхүүний эргэлтийн 14.5 хувь, 10.5 хувийг тус тус эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 0.3, 0.1 пунктээр өссөнийг илтгэж байна. Ерөнхийдөө өнгөрөгч 2024 онд Хятад улс дэлхийн хамгийн том бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч гэсэн статусаа улам бэхжүүлсэн он жил байжээ. 2024 онд машин механизмын экспорт 8.7 хувиар өссөн нь нийт экспортын 59.4 хувийг эзэлж байна. Мөн хятадад цахилгаан машин, 3D принтер, үйлдвэрлэлийн робот зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүний экспорт хурдацтай өссөн байна. Тоо баримтаас үзвэл, хил дамнасан цахим худалдааны импорт экспортын жилийн хэмжээ 2 триллион 630 тэрбум юаньд хүрч, 2020 онтой харьцуулахад 1 их наяд юаниар нэмэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Хятад улсын ногоон эрчим хүчний бүтээгдэхүүнийн экспорт өсөн нэмэгдсэнийг албаны тайлбарт онцолжээ. Тухайлбал Хятад улс тээврийн салбарт, тэр дундаа цахилгаан зүтгүүрийн экспортын хэмжээ таван жил дараалан өсөж, цахилгаан мотоцикль, унадаг дугуйны экспортын хэмжээ анх удаагаа 40 тэрбум юанийг давсан бол цахилгаан автомашины экспорт 2 сая ширхэгт анх удаа хүрсэн байна. Нөгөөтэйгүүр импортын хувьд Хятадын импортын хэмжээ нэмэгдэж байгаа нь худалдааны түншүүдийн хөгжилд түлхэц нөлөө үзүүлсэн гэдгийг албаныхан хэлжээ. 2024 онд Хятадын электрон эд анги, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, компьютерийн эд анги зэрэг импортын хэмжээ 10.1 хувь, 21 хувь, 62.6 хувиар тус тус өссөнийг тоо баримт харуулжээ.