Халтиргаа, гулгаа үүссэнтэй холбоотойгоор гэмтэж бэртэх шалтгааны дийлэнх хувийг гар, сарвууны хугарал, зөөлөн эдийн бэртэл эзэлдэг байна. Мөн хүнд хэлбэрийн тохиолдолд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл зэрэг багтаж байгаа юм. Түүнчлэн иргэд халтирч унах үедээ гарын тохой, сарвуугаар хүчтэй тулах, арагш хүчтэй савж унах зэргээс бэртлийн хүнд, хөнгөн шалтгаалдаг байна. Тэгвэл халтиргаа, гулгааны улиралд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аан, байгууллагууд ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам талбайг цэвэрлэж иргэдийн аюулгүй байдлыг бүрдүүлэх үүрэг хүлээдэг.
Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг хуваарийн дагуу цэвэрлэж байгаа юм байна. Харин хувийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ дутмаг явагдаж байгаа бөгөөд хотын зах руу халтиргаа, гулгаа ихтэй байгаа юм. Мөн жилээс жилд өвлийн улиралд нийслэлийн зам талбайгаар алхаж явахад хүндрэлтэй байдаг болохыг иргэд хэлж байна.
Хэрэв иргэн, аан, байгууллагууд ойр орчмынхоо 50 метр газрын халтиргаа, гулгаа үүссэн зам талбайг цэвэрлээгүйгээс үүдэн иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд иргэний эмчилгээний зардал зэрэг нөхөн төлбөрийг тухайн аж ахуйн нэгж хариуцах юм.
Харин зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хийгдээгүй халтиргаа, гулгаа ихтэй байвал иргэд 11-310005 дугаарт холбогдож мэдээллэх боломжтой юм байна.