В.Путины туслах Н.Патрушев “2025 онд Украин улс оршин тогтнохоо больж магадгүй” гэж мэдэгджээ
Өнгөрөгч Мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины туслах Николай Патрушев 2025 онд Украин тусгаар улс байхаа больж магадгүй гэж "Комсомольская правда" сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрээр ямар нэгэн тайлбар, нотлох баримтгүйгээр "Ирэх онд Украин улс түүхийн хуудаснаас арчигдаж, оршин тогнолоо алдахыг үгүйсгэх аргагүй” хэмээн хэлсэн байна.

Тэрээр ирэх долоо хоногт ерөнхийлөгчийн тангараг өргөх Д.Трампын засаглалын үед Москва, Вашингтон, Киевийн хооронд энхийн хэлэлцээ байгуулах уу, Кремлийн талаас буулт хийж, Украины газар нутгийг чөлөөлөх үү хэмээн асуусан сурвалжлагчийн асуултанд дээрх тайлбарыг өгсөн байна.

Хэдийгээр Д.Трамп Украины дайныг богино хугацаанд дуусгавар болгоно гэж амласан ч гал зогсоох эсвэл энхийн хэлэлцээр байгуулах талаар тодорхой санал дэвшүүлээгүй байна. Түүнчлэн АНУ-ын шинэ Засгийн газар Украиныг зөнд нь орхихгүй гэдэг нь Төрийн Департментын танилцуулсан Киев рүү ирэх хоёрдугаар сард илгээх цэргийн тусламжийн тайлангаас харж болохоор байгаа юм. Тэгвэл Д.Трамп ОХУ-ын Засгийн газарт нааштай хандаж, Украин болон түүний барууны холбоотнуудад шахалт үзүүлснээр энхийн хэлэлцээ байгуулахад нэг алхам ойртоно гэж харж байна.

Үүнээс гадна Патрушев ярилцлагадаа Украин болон ЕХ-ны гишүүн Румын улстай хиллэдэг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Молдав улсын тухай бүдүүлэг тайлбар өгчээ. Тэрээр Молдав улсын эрх баригчид Европын холбоонд элсэхийг эрмэлзэх тусам тусгаар тогтнолоо алдах эрсдэлд ойртож байгааг анхааруулсан байна. Мөн тэрээр Молдавын эрх баригчдын барьж буй Орос улсын эсрэг түрэмгий бодлого нь тэднийг Өрнөдийн нэг хэсэг болгоно эсвэл бүрмөсөн тусгаар тогтнолоо алдахад хүргэнэ гэж үзэж байна.

Патрушев нь ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн даргаар 16 жил ажилласан бөгөөд 2024 онд Батлан ​​хамгаалахын сайд асан Сергей Шойгу түүний залгамж халааг авсан юм.