БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёль баривчлагдлаа
Өнөөдөр буюу Лхагва гаргийн өглөөний 10 цагийн үед БНСУ-ын  ерөнхийлөгч Юн Сок Ёль баривчлагджээ. Энэ сарын эхээр Юн Сок Ёлийг баривчилж, байцаалт мэдүүлэг авах гэж оролдсон ч ерөнхийлөгчийн хамгаалалтын алба хуулийн хэрэгжилтэд саад учруулсан юм.

Лхагва гаргийн өглөөний 10 цагийн үед цагдаа нар ерөнхийлөгч Юн Сок Ёлийг амжилттай баривчлан саатуулсан гэж мэдэгдлээ. Хууль хүчнийхэн ерөнхийлөгчийн өргөөнд нэвтэрч, Юн Сок Ёлын өмгөөлөгч болон хамгаалалтын албаныхантай удтал хэлэлцсэний эцэст Юн Сок Ёлийг баривчиллаа гэж Өмнөд Солонгосын дотоодын хэвлэлүүд мэдээлжээ.

Цагдаа нар болон ерөнхийлөгчийн хамгаалалтын алба хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах вий гэсэн болгоомжлол байсан ч нөхцөл байдал тайван болж өнгөрснийг онцолжээ. Одоо мөрдөн байцаагчид түүнийг авлигын хэрэг хянан шалгах байрт хүргэн байцаалт авах юм. Байцаалтын ажиллагаа хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй хэвээр байна.

Нөхцөл байдлыг эргэн сануулбал өнгөрсөн оны 12-р сарын эхээр БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёль улс даяар цэргийн онц байдал зарласан ч тэр нь бүтэлгүйтсэнээр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, тэрээр хууль эрх зүйн олон сорилттой нүүр тулж байна. Өнгөрсөн сарын 14-ний өдөр тус улсын сөрөг хүчний хяналтаа тогтоосон Үндэсний Ассамблей буюу Парламентын танхим ерөнхийлөгч Юн Сок Ёлийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар санал хураалт явуулж, олонхын саналаар шийдвэр гаргах эрхийг нь цуцалсан байна.

Тэгвэл өнгөрсөн сар гаруйн хугацаанд БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар болон Авилгатай тэмцэх албаны мөрдөн байцаагчид ерөнхийлөгч Юн Сок Ёлийг хууль бус цэргийн онц байдал зарласан, олон нийтийг бослого үймээнд турхирсан хэрэгт холбогдуулан байцаалт мэдүүлэг авахаар гурван ч удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн юм. Харин ерөнхийлөгч Юн Сок Ёль зарлан дуудах хуудсыг хүлээж аваагүй тул түүнийг баривчлах тушаал гарч, өдгөө хуулийн дагуу арга хэмжээ авах гэж оролдсоор байна.

3 мянга гаруй цагдаагийн алба хаагч Юн Сок Ёлийг баривчлах ажиллагаанд оролцож байгаа төдийгүй орон нутгийн цагаар өглөөний 4 цаг 20 минутад шүүхийн захирамжыг биелүүлэх ажиллагаа эхэлжээ. Тэгвэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн өргөөний гадна талбайд Юн Сок Ёлийг дэмжигч 6 мянган иргэн, эрх баригч ард түмний хүч намын хууль тогтоогчид цугласан байна. Гэвч өглөөний 8 цагийн үед хууль хүчнийхэн дэмжигчдийн эсрэг хариу арга хэмжээ авч, ерөнхийлөгчийн өргөөний гадна хаалт болгон босгосон том оврын тээврийн хэрэгслүүдийг даван тусгай хамгаалалттай байгууламжид нэвтэрч чадсан гэж мэдээллээ.

Цагдаа нар жагсагчид, дэмжэгчдэд хандан хуулийн хэрэгжилтэд саад учруулбал баривчилж, хуулийн дагуу арга хэмжээ авна гэж анхааруулсны дараа олон нийт эсэргүүцлийн арга хэмжээгээ түр зогсоосон байна.