Нийслэлийн хэмжээнд 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тусгасан тогтоолоор бол энэ нь хэтэрсэн үзүүлэлт юм. Нэгэнтээ байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн учир хотын дугаарыг шинээр олгох хэмжээг тогтоож, тодорхой шалгуур, үзүүлэлтийг хангасан тохиолдолд дугаар олгохоор болсон. Түүнчлэн хотын серитэй дугаар авах шинэ цахим системийг иргэдэд танилцуулсан бөгөөд өнгөрсөн оны 12 сарын 31-нээс өнөөдрийг хүртэл иргэд тус системтэй танилцах, мэдээллээ шалгах боломж бүрдсэн юм. Харин өнөөдрөөс ийнхүү албан ёсоор иргэдийн хүсэлтийг авч эхэлж байна.
Хотын серитэй дугаар олгоход 2 төрлийн үндсэн шалгуур байгаа юм. Үүнд тээврийн хэрэгслийн эзэмшигч Улаанбаатар хотын харъяалалтай байх мөн тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар, торгууль, хураамжын өр төлбөргүй байх хэрэгтэй юм. Харин тээврийн хэрэгслийн хувьд насжилт, хүрд, хөдөлгүүрийн ангилалаар нь эрэмбэлж оноо бодож үнэлэх юм байна. Ийнхүү дарааллын дагуу дугаар авах боломжтой болох боловч хэзээнээс дугаар олгох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь Улаанбаатар хотод олгох ёстой дугаарын дээд хэмжээ хэтэрсэн байгаа учир сул тоо гарсан тохиолдолд дарааллын дагуу сар бүр дугаар олгогдох юм байна.
Уг шийдвэр гарснаас хойш бүртгэлтэй ч ашиглагддаггүй машинуудын ашиглалт чанаржиж байгаа юм. Гэсэн хэдий ч иргэдийн дунд бүртгэлтэй хотын дугаараа зарах тохиолдлууд гарч байгаа бөгөөд энэ нь цаашлаад хотын серитэй дугаар үнэд хүрэх эрсдэлтэй. Тэгвэл энэ тал дээр тодорхой зохицуулалт хийгдээгүй байгаа юм. Мөн хотын дугаарын олголтонд хэмжээ, шалгуур, үзүүлэлтийг тогтоосонд иргэд бухимдалтай байна.
Мөн олон нийтийн сүлжээнд ташаа мэдээллүүд тарж байгаа бөгөөд зөвхөн импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд шинээр дугаар олгоход тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг тавьж байгаа юм байна.