Лхагва гарагт дайсагнагч талууд гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа Анклавын хойгийн оршин суугчид баярт үйл явдлыг тэмдэглэж байгаа дүрс бичлэгүүд цахим орчинд нийтлэгджээ. Гурван үе шат бүхий гал зогсоох хэлэлцээрийн эхний үе шат нь ирэх Ням гаргаас эхлэн Хамас зэвсэгт байгууллага барьцааны 33 хүнийг суллаж эхлэх бол Израилын арми 6 долоо хоногийн турш дайны галыг зогсоохоос гадна Израилын шоронд хоригдож байгаа Палестины хоригдлуудыг чөлөөлөх үүргийг хүлээх юм байна.
Израилын Засгийн газар Газын зурвасын өмнөд хэсэг болон Египетийн хоорондох хуурай замын коридорын дагуу зэвсэгт хүчнээ байршуулахыг шаардаж байсантай холбогдуулан гал зогсоох хэлэлцээр мухардалд ороод байсан юм. Гэхдээ өнгөрсөн онд Израилын эрх баригчид хамас зэвсэгт байгууллагын дээд удирдагч Яхья Синварыг устгасныхаа дараа бүс нутаг дахь хурцадмал байдлыг намжаах оролдлого хийж эхэлсэн. Тухайлбал Исламын шашинт шиит бүлэглэл Хезболла-г онилсон цэрэг арми, байлдааны ажиллагаагаа зогсоож, ливаны хилийн зурваст гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн юм.
Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден "Эцэст нь би гал зогсоох хэлэлцээрийг зарлаж чадлаа. Израил болон Хамас бүлэглэлийн хооронд гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах тохиролцоонд хүрснээр Газын зурвас дахь тулаан зогсож, удахгүй барьцааны хүмүүс гэр бүлдээ буцаж ирнэ” хэмээн хэллээ. Жо Байдены Засаг захиргаа дипломат өвийнхөө нэг хэсэг болгон хэлэлцээрийг баталгаажуулахыг зорьж, хэлэлцээрийг эцэслэх хүчин чармайлтаа эрчимжүүлж байсан юм. Харин тэрээр албан тушаалаасаа буухаас хэдхэн хоногийн өмнө Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг байгуулахад жинтэй хувь нэмрийг оруулж чадсаныг шинжээчид онцолж байна. Түүнчлэн энхийн хэлэлцээнд зуучлагчаар оролцсон Египет, Катарын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байна.
Газын зурваст гал зогсоох хэлэлцээр байгуулагдсаны дараа АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп ч гэсэн магтаал сайшаал хүртэх гэж оролдсоныг хэвлэлүүд мэдээллээ. Тухайлбал тэрээр өнгөрсөн 11-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд түүхэн ялалт байгуулсны үр дүнд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж байгаа гэж мэдэгдлээ.
Тэгвэл Израилын Засгийн газар, ерөнхий сайдын ажлын албанаас албан ёсоор тайлбар өгөөгүй байгаа ч гал зогсоох хэлэлцээрт хүрснийг тус улсын эрх баригчид нотолж байна.