Метроны суурь судалгааны ажил хийгдсэн учир 2-р сард ТЭЗҮ-г шинэчлэн баталж, ирэх намраас барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ
Нийслэл хотод метро барих талаар 20 гаруй жилийн хугацаанд ярьсаар ирсэн. Гэсэн ч төсөв мөнгөнөөс авхуулаад олон асуудал тулгарснаар метроны асуудал замхардаг байсан бол энэ удаад метро барих төслийн санхүүжилтийн асуудал шийдэгдэж байгаа юм байна.
  • Урьдчилсан байдлаар Улаанбаатарт баригдах метронд дээд талдаа 3 тэрбум фунт стерлинг хүртэлх санхүүжилтийг өгөх боломжтой гэж Их Британи улсын зүгээс мэдэгджээ.
  • Гэхдээ одоогоор санхүүжилтийн албан ёсны гэрээг байгуулаагүй байгаа юм байна. Метро барих гүйцэтгэгч компанийг шалгаруулсны дараа ирэх 8-р сараас санхүүжилтийн гэрээгээ байгуулахаар төлөвлөжээ.
  • Харин метро барих техник эдийн засгийн үзүүлэлтийг энэ оны 2-р сард шинэчилж дуусгах юм байна. Ингэснээр метро барих нийт төсөвт өртөг нь хэдэн төгрөг байх, хэдэн жилийн хугацаанд баригдах зэрэг нь тодорхой болох юм.
  • Урьдчилсан байдлаар Улаанбаатарт баригдах метроны чиглэл Амгалангаас Толгойт хүртэл нийт 18 км газар доогуур үргэлжилнэ. Мөн 14 өртөөтэй, өртөө бүрд худалдаа үйлчилгээ эрхлэх боломжтой байхаар метроны барилгын ажлыг төлөвлөж байгаа юм байна.

Их Британи улсын ЗГ-аас Улаанбаатарт баригдах метронд санхүүжилт өгөх боломжтой, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Их Британи улсаас өгөх санхүүжилтийн систем нь онцлог. Манай улсын төр захиргааны байгууллага энэ хэмжээний өндөр мөн оцлог санхүүжилт өмнө нь авч байгаагүй гэж хэлэхэд болох юм байна.

Энэхүү санхүүжилтийн асуудал шийдэгдэж буй нь Монгол улсад урт хугацаанд хийгдэж байгаа томоохон хөрөнгө оруулалтын нэг болж байна. Мөн хөгжсөн улс орнууд ч хөгжиж буй манай улс шиг бусад улсуудад эдийн засагт нь ашиг тус болохуйц томоохон төсөл, хөтөлбөрт нь санхүүжилт олгосоор байгаа юм.    

Метрог барихын тулд эхлээд тухайн хэсгийн хөрс нь ямар вэ гэдгийг судлах хэрэгтэй байдаг юм байна. Үүний хүрээнд нийслэлийн 42 цэгт геологийн өрөмдлөгийн ажлыг хийж, хөрсний дээжийг гарган авчээ. Мөн энэхүү авсан хөрсний дээжээ ч лаборторийн шинжилгээнд оруулсан зэргээр төслийн үйлл явц үргэлжилж байгаа юм байна. Мөн метрог барих тендерийн эхний шатыг зарлаад байгаа. Одоогоор гадаадын 10 гаруй компани улаанбаатар метрог барих боломжтой гэж хүсэлтээ илэрхийлжээ.

Ийнхүү Улаанбаатарт баригдах метроны ажлын суурь судалгааны ажлууд хийгдэж улмаар шинэчилсэн тэзүг 2-р сард батлах юм байна. Мөн санхүүжилтийн асуудалд ч шийдэгдэж байгаа учир метроны төсөл төлөвлөсөн цаг хугауааны дагуу явж байгаа талаарх мэдээллийг тус төслийн менежер нь өгсөн юм.