Сурагчдын амралтын энэ үед сургалт, дугуйлангийн ирц өмнөх жилүүдээс буурсан байна. Мөн агаарын бохирдол, томуу, томуу төст өвчний дэгдэлт ч үүнд нөлөөлсөн байна. Тодруулбал одоогийн байдлаар сургалт, дугуйлангийн ирц 70 хувьтай байгаа юм. Ийнхүү өвлийн саруудад хүүхдүүдийн дугуйланд хамрагдалтын тоо буурдаг талаар мэргэжилтнүүд хэлж байна.
Түүнчлэн сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд гэртээ байхдаа удаан хугацаанд дэлгэц ширтэх, гар утасны тоглоом тоглох зэргээр дэлгэцний хамааралтай болдог. Тэгвэл эцэг эхчүүд аль болох хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлэх, богино цагаар үр бүтээлтэй хичээлийн даалгавар хийлгэх хэрэгтэй зэргийг мэргэжилтнүүд онцолж байсан юм.
Харин эцэг эхчүүдийн зүгээс хүүхдээ агаарт гаргах, амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх зэргийг чухалчилж байгааг хэлж байна.мөн манай улсын хувьд хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бололцоо дутмаг байна.
Иймээс сурагчдын хичээл амарсан энэ үед хүүхэд сургалт, дугуйланд хамрагдаснаар хичээлээ давтах, урлаг, спортоор хичээллэх зэргээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой юм.