Даваа гарагт шинжээчид ослын урьдчилсан дүгнэлтийг танилцуулсан бөгөөд зургаан хуудас тайланд боинг 737-800 онгоцны хоёр хөдөлгүүрээс хүйтний улиралд Өмнөд Солонгост өвөлждөг нүүдлийн нугас шувууны нэг төрөл болох Baikal Teals хэмээх шувууны сэг зэм олдсон байна.
Гэхдээ уг тайланд онгоцыг буух төхөөрөмжийн ажиллагаа доголдсон нь тодорхой байхад ямар шалтгаанаар газардсан, мөн газардахдаа яагаад хөөрөх зурвасын эсрэг талаас урсгал сөрж газардсаныг нарийн тайлбарлаагүй байна. 12-р сарын 29-нд тайландын нийслэл Бангкокоос ирсэн Jeju Airlines компанийн тэрхүү онгоц БНСУ-ын Муан нисэх онгоцны буудлын хөөрөх зурвасыг давж, ослын буулт хийх үедээ навигацийн төхөөрөмж бүхий бетонон хашааг мөргөж, улмаар шатсан юм. Ослын уршгаар онгоцонд зорчиж явсан хөлгийн багийн хоёр гишүүнээс бусад 179 зорчигч бүгд амиа алджээ.
Нисэх онгоц шувууны дайралтад өртсөнөөр дугуй нь дэлгэгдээгүй нь ослын гол шалтгаан болсон гэж үзжээ. Мөн онгоц газардахаас өмнө хөлгийн багийн ахлагч шувуутай мөргөлдснөө мэдэгдсэн ч тэр нь газардах үйл явцад нөлөөлөхгүй гэдгийг радио холбоогоор хэлж байсан талаар мөн мэдээлжээ.