БНХАУ-д болон манай гаргийн өнцөг булан бүрт оршин сууж байгаа Хятад үндэстнүүд энэ жилийн хамгийн тэмдэглэлт үйл явдлын нэг болох Хаврын баяртаа бэлтгэж байна. Билгийн тооллын хаврын шинэ сарыг угтан тэмдэглэдэг баяр нь энэ сарын 29-ний өдөр буюу ирэх Лхагва гарагт тохиох юм. Нарийн төвөгтэй Хятадын зурхайн хуанли нь 12 жилийн мөчлөгийг 12 амьтнаар дүрсэлсэн байдаг бөгөөд энэ дарааллаар өнөө жил Усан могой жил гарч байгаа юм.
Хятадад сар шинийн баяраар уламжлал ёсоор аялал жуулчлалын оргил үе эхэлж, дэлхийн хүн төрөлхтний хамгийн том шилжилт хөдөлгөөн тохиох юм. Энэ жил ойролцоогоор 400-500 сая Хятад иргэн гадаад болон дотооддоо аялж, төрсөн нутагтаа ирж очих зэргээр давтагдсан тоогоор нийт 9 тэрбум аялал захиалагджээ. Харин тэдгээр иргэдийн аялал, зорчилт хөдөлгөөн дуусаж хэвийн хэмжээндээ очиход 40 хоногийн хугацаа шаарддаг байна.
Уламжлал ёсоор уг баяр нь халуун бүлээрээ цугладаг гэр бүлийн цөөхөн баярын нэг бөгөөд зав зайгүй ажилладаг олон хүний хувьд эцэг эх, ах дүүс, үр хүүхдүүдтэйгээ уулзах цорын ганц боломж гэж үздэг байна. Сүүлийн жилүүдэд улс орны эдийн засаг тэлэхийн хэрээр гэр бүлийн ёс заншлыг алдагдуулж, Хятадын олон сая иргэн баярын өдрүүдийн ачааллаас зугтан хилийн чанад руу аялдаг болсон байна. 2024 оны үзүүлэлттэй харьцуулахал энэ жилийн баярын өдрүүдэд гадаад аялалын тоо 10 хувиар өсөх төлөвтэй байна. Тус улсын Засгийн газраас энэ цагаан сарын баяраар бүх нийтийг 8 өдөр буюу 1-р сарын 28-наас 2-р сарын 4-ний хооронд амраахаар болсон бөгөөд ард иргэдээ дотооддоо худалдан авалт хийж, аялахыг уриалсан байна.