Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоол амт чанартай, хүртээмжтэй байх нь олон төрлийн давуу талтай юм. Гэвч манай улсын сурагчдын үдийн хоолны чанар, хүртээмжийн асуудалд эцэг эхчүүд болон иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Тэгвэл өнгөрсөн онд сурагчдын үдийн хоолны түүхийн эдийн зардлыг нэмж 2500 төгрөг болгосон юм. Гэсэн хэдий ч уг зардал нь хүүхдийн хоол хүнсээр авах ёстой, илчлэг, шим тэжээл зэргийг бүрэн хангаж чадах эсэх нь эргэлзээтэй байна.
Мөн үдийн хоолны түүхийн эдийн зардал нэмэгдсэнээр хоолны амт, чанар сайжирсан байна. Гэвч үдийн хоолондоо бүрэн цаддаггүй гэдгийг сурагчид хэлсээр байгаа юм.
Энэ хичээлийн жилд ЕБС-ийн үдийн хоолны үйлчилгээнд 343 мянга гаруй сурагч хамрагдаж байгаа юм байна. Сургуулиудын зүгээс сурагчдадаа эрүүл чанартай хоол өгөхийг зорьдог байна. Мөн сурагчдын үдийн хоолны зардал нэмэгдсэнээр хоолны орц найруулгыг сайжруулах, олон төрлийн хүнс хэрэглэх боломжтой болсон бөгөөд цаашид үдийн хоолны зардлыг зохих хэмжээнд хүргэснээр хүүхдүүдийн эрүүл мэнд, суралцах чадвар зэрэгт нөлөөлнө гэдгийг онцолж байна.